
Манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт сүүлийн гурван жилийн дотор огцом нэмэгдсэн. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хар тамхи хэрэглэж, ял шийтгүүлэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Тиймээс хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгож, үйл ажиллагааг нь өргөтгөсөн билээ.
Энэ хүрээнд тус хэлтсийн алба хаагчид хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-26-ны хооронд илрүүлж, баривчилсан байна.
Тодруулбал,
-СЭРЭМЖҮҮЛЭГ: Хар тамхи ТАНЫГ цаг бусын ҮХЭЛ рүү түлхдэг-
Хар тамхи мансууруулах бодис нь өөрөө хүний биед болон нийгэмд хор хөнөөлтэй, дэлхий нийтээрээ тэмцэж байгаа үхлийн цагаан тахал. Хар, тамхи, мансууруулах бодистой холбогдсон хүн биеийн өвчин зовлон, шаналалд баригдахаас гадна дийлэнх тохиолдолд цаг бусаар хорвоог орхидог эмгэнэлтэй түүхийн төгсгөл болох нь бий.
Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх, зарж борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 20 хүртэл жил хорих ялтай хүнд гэмт хэрэг. Өчүүхэн орлого харж, амар хялбар аргаар олох буруу хүсэлдээ хөтлөгдөн, нар харахгүй шоронд олон жилийг өнгөрөөнө гэдэг тун харамсалтай.
ОХУ-д Эрүүгийн хуулийн дагуу 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаагүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг
Манай хөрш хоёр оронд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ялын чанга хатуу бодлого баримталдаг. Тухайлбал, бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн бол ОХУ-д Эрүүгийн хуулийн дагуу 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаагүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг билээ.
Харин манай улсад хууль хэрхэн үйлчилж байна вэ...
Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.
-Хилийн чанадад 7 иргэн ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ сонсчээ-
Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээллээр манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3, Грект 1, Болгарт 1, Словак улсад 1 нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. Үүнээс торгуулийн ял шийтгэгдсэн 6, баривчлах ял шийтгэгдсэн 10, нас барсан 2, тодорхой хугацаантай хорих ял шийтгэгдсэн 42, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн 5, цаазын ял шийтгэгдсэн 7, хэрэг нь хэрэгсэхгүй болсон 7 тохиолдол бүртгэгджээ.
2016 оны байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдсан аж. Тиймээс иргэддээ анхааруулахад энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг сайтар ойлгож, энэ аюулаас хүн бүр өөрийгөө хамгаалж ангид байхыг зөвлөж байна.