
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 659 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
НЭГ. ИРЭХ ХАВРЫН УЛС ТӨР ЯМАР БАЙХ НЬ ЭНЭ БҮХНИЙГ "ТОМЧУУД" ХЭРХЭН ЗУРАХААС ХАМААРНА
УИХ-ын намрын чуулган завсарлаж, их улс төр хэсэг боловч “унтаж” байна. Гэвч энэ хугацаанд нийгэмд хийгээд нийтэд хамааралтай маш олон асуудал босч ирлээ. Улсын нийслэл тоггүй болсон нь улстөрчдөөс хариуцлага шаардах галыг өрдөж орхив. Эрчим хүчний реформ хийх нэрээр цахилгааны үнэ нэмснээс цаашлаагүй сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлагыг сөрөг хүчин гаргаад байна. Ө.Шижир гишүүн өөрийн албан бланк дээр Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах тухай саналыг гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газраас “шүд сугалж” сайд огцруулах хуулийн боломж парламентад үгүй болсон учраас ийнхүү албан шаардлага тавих замаар асуудлыг “босгож” байгаа нь энэ. Гэхдээ энэ бүхэн ил өрнөж байгаа л улс төр болохоос далд бол бүр улайсч байж мэдэх юм.
Өнгөн дээрээ тэврэлдэж дууссан МАН-ын зодоон үнэн чанартаа хөшигний цаана үргэлжилсээр байна. Н.Учралыг МАН-ын даргаар сонгосон Их хурал дээр эрх баригчид бүтэн ойлголцолд хүрсэн үү гэвэл ёстой худлаа. Ямар боловч Их хурлаар шийдүүлэх ёстой албан тушаалуудаа л хувааж аваад дууссан. Санаж байвал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур болсон Их хурлаараа МАН Бага хурлын бүрэлдэхүүнээ өөрчилж, 479 гишүүнийхээ тодорхой хувийг шинэчилж, нэмж 118 хүнийг Бага хуралдаа багтаасан. Уг бүрэлдэхүүн нь Удирдах зөвлөл, Хяналтыг хороог шинэчилсэн. Үүнээс өөрөөр бол МАН-ын дотоодод өрнөх ёстой хөдөлгөөн өрнөөгүй. Иймээс ч энэ хаврын улс төр МАН-ын дотоод хөдөлгөөнөөр үргэлжлэх нь. Ингэх ч бодитой шаардлага байгаа юм.
Нийтэлч С.Шийлэгтөмөрийн “Улс төр "унтах" зуур” нийтлэлээс
ХОЁР. АРДЧИЛСАН НАМ ДАХЬ ХӨДӨЛГӨӨН
Улс төрийн намын тухай хуульд дүрэм, хөтөлбөрөө нийцүүлэх өргөдөл өгсөн 29 намаас одоогоор Дээд шүүх долоог нь бүртгээд байна. Хамгийн сүүлд энэ сарын 23-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, парламентад суудалтай ИЗНН, ХҮН, МНН болон бусад 10 намын өргөдлийг хэлэлцсэн юм. Ингэхдээ хоёр намын дүрмийг хуульд нийцсэн гэж үзээд бүртгэхээр шийдвэрлэжээ. Харин ХҮН, Монголын ардчилсан хөдөлгөөний намын зөвхөн даргыг бүртгэж, дүрмийг нь буцаасан байна.
Эдгээрээс хамгийн өргөн хүрээний дотоод өөрчлөлтийг АН хийх гэж буй. Учир нь тус намынхан дүрэмдээ хуульд нийцүүлэн жижиг өөрчлөлт оруулах бус бүхэлд нь шинэчлэн найруулсан аж. Тиймээс шинэ дүрмийнхээ дагуу бүх шатандаа дотоод сонгууль явуулахаа мэдэгдсэн. Харин эрх баригч намынхан дүрмээ батлахтайгаа зэрэгцээд зарим дотоод өөрчлөлтөө хийчихсэн тул одоогоор өөр хөдөлгөөн хийхгүй гэв. МҮАН-ынхан бага зэрэг “засвар” хийхээр төлөвлөсөн байна. Тэгвэл парламентад суудалтай намуудын дотоодод ил, далд ямар ажил өрнөж байна вэ.
Нийтэлч С.Туулын “Намууд дахь дүрэм дагасан өөрчлөлт” нийтлэлээс
ГУРАВ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦОМХОТГОЛ БОЛОН ДЭД САЙДУУД
“Данхар төрийг цөөлнө” хэмээн төрийн албан хаагчдыг цомхотгосон ч дэд сайдуудыг томилсноор Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн, хийсэн нь зөрж байна гэх шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар тэрээр төрийн албан хаагч 16 000 хүнийг цомхотгож, нийтдээ 228 газар хэлтсийн дарга, 200 гаруй янз бүрийн менежерүүд, үндсэндээ 1000 орчим улс төрийн томилгоотой албан тушаалтан цомхотгогдож байна. 100 хүн цомхотгоод 1 хүний ажлын орон тоо нэмсэн. Хяналтын менежерүүдийг өөрчилснөөр хяналтыг нэгтгэж чанарын өөр түвшинд гаргаж байна.
Дэд буюу орлогч сайдгүй улс дэлхийд байхгүй. Улстөржөөд байдгаас бус 16 хүний төсвийн зардал бол хэмнэсэн төсөвтэй харьцуулахад маш бага бөгөөд 9.1 тэрбум төгрөгийн зардал. Энэ хүмүүс машин унаа, илүү дутуу зардал нэмэхгүйгээр ажил хийнэ. Дэд сайд нараас бүтээмжийг л нэхэж байгаа. Хөдөө орон нутаг руу явах, ард иргэдийн аж амьдралд хүрч ажиллах, бизнес эрхлэгчидтэйгээ уулзах, хуулийн төсөл боловсруулах зэрэг ачааллыг жигд тусгах шаардлагатай. Орлогч гэдэг бол нэг талаас хяналтыг бий болгож, нөгөө талаас бүтээмжийг нэмэгдүүлж байгаа хэрэг. Тиймээс улстөржсөн л агуулгатай болохоос биш ЗӨВ шийдвэр хэмээн хариулсан.
Нийтэлч Л.Эрдэнэжаргалын “Тогтоогоод аваарай, Ерөнхий сайдын хэлсэн тоонууд!” нийтлэлээс
ДӨРӨВ. УЛСТӨРЧИД СЭРГЭЛЭН
Зүгээр л өрсөлдөгчөө зах зээлээс арчихын тулд 5.000.000 төгрөг хэдэн лайвчин, нөлөөлөгчид өгөөд Энэ ундаа хорт хавдар үүсгэдэг гэж бүтээгдэхүүнийг нь бичээд, эсвэл жигнэмэг харшил үүсгэдэг гэж зарлуулахад өндийж яваа ЖДҮ тэсэх болов уу, үгүй болов уу. Гадаадын явуулга, худалдагдсан улстөрчдийн дайралт, тархи угаагчдын тэмцлээс үүдэж хэчнээн төсөл, хөтөлбөр зогссон билээ гээд бодоход худал мэдээллийн хор уршиг их. Нөхрийнхөө гарын шүүс болтол нь эхнэрийг нь гүтгэх, хамт олныхоо нүүрийг харж чадахгүй болтол гүжирдэх, амьд авах аргагүй болтол нь хэн ч итгэхээргүй болгох зэрэг гэмт хэрэг. Битүү зааланд суудаг оффисын ажилтнууд дунд Батыг сүрьеэтэй гэдэг яриа гаргавал юу болох вэ гэдгээс эхэлнэ. Цусны төвийн доноруудтай харилцдаг эмч ДОХ-ын вирустай гэдэг гүтгэлэг тарвал юу болох билээ. Иргэний шүүхэд хандаж, шүүх хурлын товоо хүлээсээр байх хооронд ямар үр дүн гарах бол гээд бодох зүйл их бий.
Үнэн гэвэл, Эрүүгийн хуулийн 13.14-ийг томъёолсон байдал Үндсэн хууль зөрчсөн. Эрх мэдэлтнүүд, дарга нар өөрсдийг нь шүүмжилсэн иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө гэмт хэрэгт шалгуулж байна. Шалгуулснаараа ял өгөхгүй ч хаширтал нь цагдаагийн үүд сахиулж, овоо хэд хоног, нэлээд хэдэн сар залхааж байна.
Нийтэлч Г.Улсболдын “Нэр, нүүрээ нуусан гүтгэгчдийг иргэний шүүх олж чадахгүй" нийтлэлээс
ТАВ. УРАН ДОНГОДОЛТ
Улс болгонд уран донгодогчид бий. Гэвч тэднийх цөөхүүл, манайх олуул. Хийж байгаа ажил, гаргасан шийдвэр бүр нь тахиаг дуурайж эсвээс тахианы өмнөөс донгодох үүрэгтэй л болж хувирчээ. Нийгэмд халтай ийм уран донгодогчдын оройд он гарснаас хойш Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин тодроод байна.
Библийн домогт Есүс Христийг баривчлах үед хамгийн ойрын шавь болох Петр нь “Би түүнийг танихгүй” гэж гурвантаа хэлдэг. Яг тэрхүү мөчид тахиа донгоддог билээ. Үүнээс улбаалан азарган тахиа өглөөг зарлаж нэг донгодвол алдар бадрах сайны шинж, харин гурав донгодвол муугийн дохио гэх нь бий. Түүн лугаа адил А.Амартүвшин орлогч нийслэлчүүддээ гурав донгодож үзүүллээ. Тэгэхээр ер сайны дохио биш гэсэн үг.
Нийтэлч Б.Алтанхуягийн “А.Амартүвшин гурав донгодлоо!" нийтлэлээс
ЗУРГАА. XXI ЗУУНЫ ШИНЭ ШААРДЛАГА
Хөдөлмөрийн зах зээлд оролцоогүй хүн амын эзлэх хувь ийнхүү өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, татварын орлогыг хумих, нийгмийн халамжийн ачааллыг нэмэгдүүлэх, ядуурлыг гүнзгийрүүлэх зэрэг системийн сөрөг үр дагаврыг дагуулдаг. Үүний зэрэгцээ энэ бүтэц нь хөдөлмөрийн зах зээлийг мэргэжил, ур чадварын хувьд доройтуулж, бодит өрсөлдөөн үүсэх боломжийг боомилж байдаг. Тодруулбал, ажил хайгч цөөн үед ажил олгогчид ажилтнаа сонгон шалгаруулах бус зүгээр л “хүн олж авах”-д анхаарах болдог. Ингэснээр ажлын байранд тавих шаардлага аяндаа доошилж цалин хөлс, ажлын орчин, мэргэжлийн өсөлт болон ажлын байрны чанар ахихгүй байх нөхцөл бүрдэх сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүний улмаас өндөр ур чадвар бүхий боловсон хүчний эрэлт үнэгүйдэж, хөдөлмөрийн зах зээл бүхэлдээ бүтээмж багатай, хөгжилгүй зогсонги байдалд ордог байна.
Тэгвэл өнөөдрийн Монгол Улс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ гэдэг нь туйлын чухал. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, залуучуудын ур чадварыг зах зээлийн эрэлттэй уялдуулахын тулд бид эсрэг урсгал руу бус зөв чиглэлд хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөж, ур чадварт суурилсан өрсөлдөөнт орчныг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна.
Нийтэлч И.Сарангоо “Хөдөлмөрийн зах зээл: Тэнд өрсөлдөж, энд үнэрхэж байна” нийтлэлээс
ДОЛОО. ЦАЛИНГААС СУУТГАХ ТАТВАР БУУРАХГҮЙ
Өнгөрсөн оноос эхлэлтэй Татварын багц хуулийг шинэчилнэ гэх хүлээлт он дамнаж, 2026 он гарахаас урьтаж Засгийн газраас төслөө УИХ-д өргөн барьсан. Иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулахаар хуулийн төслөө боловсруулсан гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн ч өргөн бариад байгаа хуулийн төслүүд нь өмнө боловсруулагдаж, олон нийтээс санал авч байсан төслөөсөө дорджээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад өрхийн орлогын 60 орчим хувийг цалингийн орлого бүрдүүлдэг. Ажил хийж цалин авч байгаа иргэдийн хувьд сар бүрийн цалингаасаа НДШ, ХХОАТ, эрүүл мэндийн даатгалыг суутгуулдаг. Төрд өгч буй эдгээр татвар, шимтгэлээс гадна худалдан авалт бүртээ НӨАТ төлж, инфляц гэх чимээгүй татвар ч бидний цалингийн бодит худалдан авах чадварыг бууруулсаар. 2026 онд Засгийн газар багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмлээ гэх “баатарлаг” үйлдэл нь нийтэд инфляцаар бэлэг барьж, махны үнийн өсөлтөөр эхнээсээ мэдрэгдэж буй. Жил бүр цалин, тэтгэвэр нэмж байгаа ч нэмэгдэл нь үнийн өсөлтөд цохиулж, ямар ч эерэг үр дүнгүй байгаа энэ үед төрөөс татварын бодлогоор иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах боломж уг нь бий.
Нийтэлч М.Мөнхжаргалын “Шинэчлэл зохиогүй татвар” нийтлэлээс
НАЙМ. ТҮРЭЭС ХҮРЭЭНЭЭС ХАЛИВ
Сүүлийн жилүүдэд ипотекийн зээлийн санхүүжилт саарч, зээл олголт хумигдсан. Гэсэн ч байрны үнэ нэмэгдсээр байгаа юм. Үүний улмаас иргэд байр түрээсэлж амьдрахаас өөрцгүйд хүрч буй. Гэвч энэ сиймхийгээр түрээсийн байрны ханш ч “тэнгэрт хаджээ”. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцооллоор нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 1.3 сая төгрөг, хоёр өрөө байрных 1.9 сая төгрөг ба гурван өрөө байрны дундаж ханш 3.06 сая төгрөг байна. Гэтэл иргэдийн дундаж цалин 1.9 сая төгрөг.
“Тэнхлэг зууч” компаниас 2013 оноос хойших түрээсийн үнийн мэдээллийн медиан үзүүлэлтийг авч, үнэ, орлогын харьцааг тооцсон байна. Улмаар өрх нийт зардлынхаа хэдэн хувийг түрээсийн төлбөрт тушааж байгааг тооцоолжээ. Ингэхэд, 2013 онд түрээс, орлогын харьцаа хамгийн өндөр буюу 67 хувьтай гарчээ. Түүнээс хойш ипотекийн хөнгөлөлттэй зээл хэрэгжиж, түрээсийн үнэ аажмаар буурч, 2016 онд түрээс орлогын харьцаа 34 хувьд хүрэв. Харамсалтай нь, 2017 оноос түрээсийн төлбөр тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. 2018 онд түрээсийн медиан үнэ 481 мянган төгрөгөөс 711 мянга болж 40 орчим хувиар нэмэгдэв. Тухайн жил орон сууцны санхүүжилтийн хэмжээ 46 орчим хувиар буурсан байжээ. Одоогоор манай улс түрээсийн төлбөрийн дарамт их гэсэн ангилалд багтаж байгаа юм.
Нийтэлч О.Даваасүрэнгийн “Үл тогтворжих үл хөдлөхийн зах зээл” нийтлэлээс
ЕС. ХОМСДОЛ ДАГАСАН ҮНИЙН ӨСӨЛТ
Мөнгөний ханш цойлсон үүдэл шалтгаан хомсдол. Сүүлийн таван жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй явсаар 2024 онд үйлдвэрлэлийн эрэлт 1.16 тэрбум унц хүрсэн нь 2020 оныхоос даруй 32 хувиар давсан үзүүлэлт болохыг Silver Institute-ийн тоон мэдээлэл харуулна. Дэлхий нийтээр ногоон эрчим хүчинд шилжихээр чармайж хойшдоо эрэлт улам нэмэгдэнэ. Улс орнууд нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах зорилтдоо яарч, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих тусам мөнгөний хэрэглээ ногоон бодлогын дагалдах зардал болон хувирч буй. Одоогоор нарны зай хураах нэг хавтанд 20 гр, харин цахилгаан автомашинд 25-50 гр мөнгө хэрэглэдэг. Цаашлаад 5G сүлжээ, хиймэл оюунт эрүүл мэндийн төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл гээд мөнгөний өвөрмөц цахилгаан дамжуулах чанарыг ашигладаггүй дэвшилтэт технологи ховор болсон.
Гэтэл уурхайн үйлдвэрлэл эрэлтээс хоцорч, 2024 онд дэлхийн мөнгөний уурхайн гарц ердөө 819.7 сая унц байв. Хомсдол ужгирсаар 2030 он гэхэд 1.5 тэрбум унц давж магадгүйг Silver Institute анхаарууллаа.
Нийтэлч С.Лхагвасүрэнгийн “Цалин цагааны өсөлт” нийтлэлээс
