
“Ийгл Ньюс” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт Монголын Урчуудын эвлэлийн шагналт уран барималч, дархан, Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны зөвлөх Д.Гэрэл болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зураач, уран дархан, С.Батзориг нар уригдан оролцлоо.
-Монголчууд бид дархан хүмүүсийг эрт дээр үеэсээ “Дархан хүн бурхан ухаантай” гэж хэлдэг. Дархчуудын хувьд аж байдал, амьдрал, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ямар хэмжээнд явдаг юм бол. Төр засгаас хийж хэрэгжүүлж, дэмжиж байгаа ямар ажлууд байна вэ?
-Д.Гэрэл: Монгол дархны өв тээж ирсэн хүмүүс гэж өөрсдийгөө боддог. Тэр тусмаа тэнгэрт ивээгдсэн хүмүүс дархан болдог. Түүнээс биш хэн нэгэн хүн ямар ч чадваргүйгээр дархан болно гээд болчихдоггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасан. Зарлигийн өмнө “Монголын уран дархан” үзэсгэлэнг зохион байгуулсан. Ерөнхийлөгч зарлиг гаргаж өгснөөрөө төр ивээлдээ авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувь хүн дархан байх биш бид одоо нэгдэж нийлээд зохион байгуулалтад орж түүн дээрээ үндэслээд холбоондоо нэгдсэн том байгууллага болоод төртэйгөө харьцах үүд хаалга маань нэгдсэн гэсэн үг.
-Өнгөрсөн оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын уран дархан” үзэсгэлэн дэлгэгдсэн байгаа. Энэ үзэсгэлэн дэлгэгдэх гол учир шалтгаан нь юунд байсан юм бол оо. Үүнд маш олон уран дархчууд нэгдэж, үзэсгэлэнд оролцсон шүү дээ?

-Д.Гэрэл: Ер нь бол өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өв нэлээд тасарсан юм байна гэдгийг Ерөнхийлөгч маань олж харсан байгаа юм. Бид ч санаа оноогоо хэлж, ярилцсан л даа. Тэр үед төр эдгээр хүмүүсийг анхааралдаа авахгүй бол болохгүй юм байна гэдэг үндэслэл нь гарч ирсэн. Яагаад гэхээр хувь хүн өөрөө өөрийн гэсэн ертөнцтэй, хувь уран бүтээлч, дархчууд байсан. Үүнийг нэгтгэн нийлүүлнэ гэдэг чинь хувь гэдэг талаасаа биш, улс эх орныхоо талаас бид төрд ивээгдсэн төрийн өмнөөс гадагш нь бүтээл, туурвилаа явуулж болох энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ үзэсгэлэнг зохион байгуулсан.
С.Батзориг: Монгол дархчуудын үзэсгэлэн анх ерөнхийлөгчийн ивээл дор 2006 онд зохион байгуулагдсан юм билээ. Түүнээс хойш зохион байгуулагдахгүй байж байгаад 2016 онд дахин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон.
Энэ үзэсгэлэнг АСЕМ болохтой холбогдуулан монголын соёл урлаг, тэр дундаа үндэсний соёл урлаг дархны урлагийг сонгодог хэмжээнд үнэлэгддэгийг илүүтэй гаргавал зүгээр юм уу гэсэн санаагаар энэ үзэсгэлэнг Ерөнхийлөгч дэмжсэн байх гэж бодож байгаа. Бид энэхүү үзэсгэлэнд бололцооныхоо хэрээр дэмжин оролцсон. Тухайн үед нийт дархчуудын холбоо гэж байгаагүй. Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо буюу “Түмэн эрдэнэс” холбоо гэдгээрээ явж байсан. Тухайн үед би энэ холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй сайхан ажлыг зохион байгуулахад холбооны нийт гишүүд идэвхтэй оролцон олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн. Бидний зохион байгуулсан үзэсгэлэнг олон улсын болоод тухайн үеийн зочид гийчид сайшаалтай хүлээж авсан. Монголын соёл урлаг өргөн хүрээтэй баялаг юм гэдгийг харуулж чадсан.
-Үзэсгэлэнд нийт хэчнээн уран бүтээлч өөрсдийнхөө бүтээлийг дэлгэсэн бэ. Тэр олон уран бүтээлчдийг нэг дор цуглуулахын тулд холбооны зүгээс нэлээд хүчин чармайлт гаргасан болов уу?

-С.Батзориг: Дархчуудад хэл хүргэх, зарлан мэдээлэх, биечлэн урих гээд олон ажлуудыг зохион байгуулсан. Өмнөх үзэсгэлэнг санаачилж зохион байгуулсан Алтангэрэл гэж дархан байсан. Тэр хүн биечлэн тойрч явсан. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд нийтдээ 20 гаруй төрлийн ажил төлөвлөгдөж байв. Тэрхүү ажлуудыг бүх гишүүд хамтарч хийсэн. Үүнийг нэг нь бүх дархчууддаа зар хүргэх, энэхүү үзэсгэлэнг сурталчлан таниулах, оролцуулах, бүтээлүүдийг хадгалах, хамгаалах, үзэсгэлэнг дэглэх гээд ажлууд байлаа. “Монголын уран дархан” үзэсгэлэнд 98 уран бүтээлчийн 300 гаруй бүтээл дэлгэгдсэн.
-Д.Гэрэл: Энэ үзэсгэлэн гэнэтийн байсан. Хоёр сарын өмнөөс зарлан АСЕМ-тай холбогдож анхны сэдэл нь гарсан. Үүнд уран бүтээлчид бэлэн байгаа бүтээл, бүтээгдэхүүнээрээ оролцсон. Тэгэхээр бид ямар том баг байсан бэ гэдэг нь үүн дээр харагдаж байгаа. Үүнийг олж харснаараа биднийг үнэлж байгаа үнэлгээ нь Ерөнхийлөгчид байгаа гэсэн санаа яваад байгаа.
-Энэ үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийн хувьд голчлон ямар төрлийн бүтээлүүд байв?
-Д.Гэрэл: Эрт дээр үеэс бидэнд өвлөгдөөд ирсэн ч алдагдчихсан нэг бүтээлийн төрөл байсан нь зэвсгийн төрөл байсан. Энэ төрөл одоо цагт хийгдэх шаардлагагүй хасагдсан, бусад төрлүүд нь бол ахуйн бүтээлүүд бүгд хийгдсэн. Мөн цутгуур, утсан сүлжмэл, хөөмөл, ган сийлбэр төрлүүд гээд олон бий. Ахуй дотроо олон ангилагддаг. Өдөр тутмын хүний хэрэглээнд юу байна түүнийг хийгээд явдаг. Бас гоёл чимэглэл нь юу байна. Мөн төрд хэрэглэгддэг зүйлс. Үүнд малгайн чимэглэл, бүс гээд бүгдийг дархчууд хийж ирсэн. Энэ уламжлалаа бид сэргээсэн. Зохион байгуулалт гэхээсээ илүү хувь хүн төртэй харьцаж хийдэг байсныг “Түмэн эрдэнэс” холбоо дархчуудыг нэгдсэн нэг системд хүлээн зөвшөөрөөд төр маань өөрөө нэг том байгууллага болсон олон нийтийн байгууллагын бүтэцтэй нь харьцах нь илүү ач холбогдолтой юм. Дэлхийд алдартай болсон энэ бүтээлүүдийг одоо та бүхэн туурвиж байгаа шүү гэдэг талаас нь та нарыг харж байна гэж Ерөнхийлөгч хэлсэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд монголын дархчуудад өгч байгаа хамгийн том өгөөж нь. Бидэнд итгэл найдвар хүлээлгэж байна. Дээрээс нь та нар өөрөө өөрсдийгөө үнэл гэж хэлж байна. Энэ нь бидэнд цаашдын уран бүтээлээ хийхэд маш их дөхөм, хувь нэмэр болж байгаа гэсэн үг.
-Ерөнхийлөгчийн зарлиг, энэхүү үзэсгэлэн гаргахаас өмнө хувь уран бүтээлч төрийн байгууллагатай яаж харьцдаг байв. Наад зах нь шагналд тодорхойлуулах, төрийн дэмжлэг, туслалцаа, тэтгэмж, тэтгэлэг авах талын ажлууд яаж явдаг байсан бэ?
-Д.Гэрэл: Эдгээр зүйлс нь хувь хүний тухайд хороо, аймаг, сум, аль яаманд харьяалагддаг түүгээр явдаг байсан. Энэ үзэсгэлэнг нээгээд Ерөнхийлөгч зарлиг гаргаж өгснөөрөө шууд манай холбоо гавьяа шагналд тодорхойлох эрх нь нээгдэж байгаа. Энэ бидэнд том ололт болж байгаа юм. Дээр нь хууль, дүрэм, журамдаа бид санаачилга гарган хууль гаргах хүмүүст илгээж болох ийм том боломжийг хариуцлага болгож үүрүүллээ.

-Үзэсгэлэнгийн дараа дархчуудыг төрөөс анхаарах нь зүйтэй гэдэг дээр дуу нэгтэй зөвшөөрсөн. Үзэсгэлэнгээс гарсан гол үр дүн зарлиг байгаа байх гэж бодож байна?
-Д.Гэрэл: Тийм. Энэ зарлиг гарсан. Ерөнхийлөгч энэ зарлигийг гарган манай С.Батзориг бид хоёрт нэг хувийг нь хүргүүлсэн. Энэ нь холбоо энэхүү үзэсгэлэнг гурван жилд нэг удаа зохион байгуулахад гол субъект нь шүү гэдгийг нэгдүгээрт анхааруулсан. Хоёрдугаарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдад, нэг хувийг нь МҮОНРТ-ийн удирдлагад хүргүүлсэн.
С.Батзориг: Үүгээрээ дархчууд дараа дараагийн үйл ажиллагаандаа бэлтгэлтэй бай. Ёс, жудгаа сайн сахь, өөр олон уран бүтээл хий гэсэн урам өгч байгаа хэрэг. Бид өмнө нь нэг талаасаа дархчууд нөгөө талаасаа олон тоогоор үйлдвэрлэгчид гэдэг үүднээсээ хөнгөн аж үйлдвэрийн яамтай холбогдож байсан. Одоо бүтээлч тал руугаа соёлын яам, соёлын өв хамгаалах байгууллагуудтай нээлттэй харилцах хамтран ажиллах үүрэг даалгавар болж өгч байгаа юм. Дээрээс нь хэвлэл мэдээллийн бүх байгууллагуудыг үүнд хамтран ажиллахыг уриалсан байгаа. Ингэснээр бидэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа. Энэ ч утгаараа бид энэ үзэсгэлэнгийнхээ дараа холбоогоо нийт дархчуудынхаа оролцсон Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо болгож өргөтгөсөн. Ингээд залуучуудаа дэмжие гэдэг үүднээс шинэ залуу тэргүүнтэй болсон. Түүнийг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бид тодорхой хэмжээнд туршлагаа хуваалцаад зөвлөөд явна.
Д.Гэрэл: Энэ зарлигийг бид жижигсгэн хувилж Монгол орны өнцөг булан бүрт байгаа дархчуудад хүргэж байгаа. Энэ бол том агуулгатай зарлиг учраас дархчууд мартахгүй гурван жилд би үзэсгэлэнд оролцох юм байна, бүтээлээ хийх юм байна гэдэг талаасаа мэдэж байх ёстой гэсэн агуулгаар биечлэн хүргэж байгаа.
-Тухайн үед буюу үзэсгэлэнд оролцсон дархчуудын дунд бүтээлийн шалгаруулалт болсон гэсэн. Ямар шалгуураар шилдэг бүтээл шалгаруулсан бэ?
-С.Батзориг: Үндсэн дөрвөн чиглэл тус бүрт гурван байр шалгаруулсан. Үүнд, ардын урлал, хэрэглээний урлал, орчин үеийн гоёл чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ шалгаруулсан. Ер нь нэг номинаци дээр маш олон бүтээл давхцан орж ирж байсан. Оногдох байр нь ердөө гурав л байгаад байдаг. Тухайн үед шалгаруулалт маш хэцүү байсан. Шалгаруулалтыг Урчуудын эвлэлийн хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, урлаг соёлтой холбоотой нэр хүнд бүхий есөн хүн шалгаруулсан. Бүгд нэр усгүйгээр кодлогдон тавигдаж онооны дарааллаар байр эзлүүлсэн байгаа.

-Дархчууд маань соёлын өв тээгч нар байдаг шүү дээ?
-Д.Гэрэл: Дархчууд энэхүү дархан ухааныг уламжлан авч явдаг. Дархны хүүхэд дархан байх магадлал өндөр байдаг. Бүр өмнө нь отгын зохион байгуулалтад байсан болохоор дархан хүн их ховор байсан байж таараад байгаа юм. Хүн болгон дархан хийж чаддаггүй байсан учраас отог бүр нэг мянгатад захирагдан түүгээрээ аян дайны зэр зэвсэг хийх хот балгадыг давуулах зэвсгийг нь хийдэг байсан. Мөн дээр нь хот балгас босгох энэ үйлд дархчууд их үүрэг гүйцэтгэсэн учраас аливаа улс гүрний хаад улс гүрнээ тохинуулахдаа тэнд байгаа дархчуудыг нь хамгийн түрүүнд өөрсдийнхөө ивээлд авдаг байсан. Тиймээс бид маш олон цусаар сэлбэгдсэн гэж бараг хэлж болохоор хүмүүс учраас тэнгэрт ивээгдсэн улс гэж өөрсдийгөө тоох ёстой.
-Өнөөдрийн байдлаар дархчуудын хийж байгаа уран бүтээл аль чиглэл рүү чиглэж байна?
-Д.Гэрэл: Үзэсгэлэнгийн дараа бид нэг дүгнэлтэд хүрсэн. Учир нь бид хоёр сарын өмнө зарласан уг үзэсгэлэнд байгаа бүхнээ авчраад тавьсан. Тэгэхэд бид арилжааны тал руугаа нэлээд явжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одоо бол бид арилжааны тал руугаа явж олдог зоосоо олж улс орондоо татвараа төлж байна. Бид ажиллаж байх явцдаа алт нэг унц нь ямар үнэтэй байна түүнийг 100 дахин нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн, бүтээл хийж байгаагаараа улсдаа илүү нэр хүндтэй хүмүүс болж таарч байгаа юм. Мөн үзэсгэлэн гурван жилд нэг удаа болж байгаа учраас бүтээл тал руугаа хандлагаа авъя. Чи уран бүтээлч, дархан хүн юм бол гурван жилд нэг удаа яг бүтээлийн чанартай нэг зүйл тусад нь хий. Үүнийгээ та нар тайлагна гэж байгаа. Бид бие биентэйгээ уралдахдаа гол нь биш хийсэн бүтээснээ улс гүрэндээ тайлагнах нь чухал. Тэр тайландаа чиний бүтээл ийм байна гэдэг дүнгээ тэнд тавьж байх ёстой. Бусдад түүнийгээ түгээж байх ёстой. Арилжааны тал дээр бас нэг шийдэл гаргая гэж байгаа нь чи арилжааны бүтээл туурвин чиний бүтээгдэхүүнийг олон түмэнд түгээж байгаа худалдаачдыг хүртэл шалгаруулдаг байя. Хэний хийсэн бүтээл аль урлангаар дамжин аль дэлгүүрээр худалдаалагдаад тэр байгууллагад их борлуулалт хийснээр нь шалгаруулдаг байх нь зөв юм гэсэн шийдэлд бид хүрч байгаа. Ийнхүү биднийг нэгтгэн энэ бодолд хүргэж өгснөөрөө Ерөнхийлөгчийн зарлиг ивээл дор болсон үзэсгэлэнгийн ач холбогдол төгс төгөлдөр болсон.