“Эмнэлгээ барь, утааг арилга, шаардлагын хариу өг”
“Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны гишүүд өнөөдөр 13.00 цагт Төв талбайд тайван жагсаал хийхээ мэдэгдсэн. Жагсаалд одоогоор 30 гаруй иргэд оролцож байна.
Энэ удаагийн жагсаалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэсвэгт хүчний 96 жилийн ойн баярын өдөртэй давхцсан гэж үзэж зөвшөөрөл олгохоос татгалзаж, үг үсгийн алдаатай албан бичгийг зохион байгуулагчдад хүргүүлсэн нь цахим ертөнцөд нэлээд шүүмжлэл дагуулсан. Гэвч алдаатай албан бичгээ тухайн өдөртөө залруулан, улмаар жагсаал хийхийг зөвшөөрснөө мэдэгдээд байв.
Энэ дагуу өнөөдөр “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны гишүүд ээлжит жагсаалаа хийж байгаа юм. Зохион байгуулагчдын зүгээс иргэдийг агаарын бохирдол, хорт утааны эсрэг тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж, идэвхтэй оролцохыг уриаллаа.
Жагсаалын талаар иргэн Ц.Пүрэвхүү “Уушгитай бол, утаатай Улаанбаатарт амьдардаг бол энэхүү жагсаалд иргэн бүрийг оролцохыг уриалж байна. Зөвхөн өвлийн улиралд утаатай тэмцчихээд бусад үед мартдаг зүйл биш ээ. Бид улирал бүр нэг ажил зохион байгуулах болно. Өнөөдөр жагсаалд зориулсан олон лоозон байгаа тул ойролцоогоор 500 орчим иргэд оролцох шаардлагатай байгаа юм. Бид “Утаагаа арилга, эмнэлгээ барь, шаардлагын хариу өг” гэсэн гурван үгийг хэлж, Засгийн газрын ордонг тойрч алхана. Бид утааг мартаагүй. Мартах ч учиргүй. Тиймээс иргэдийг өнөөдөр өргөнөөр оролцохыг уриалж байна. Цагдаа нартай уулзаад өнөөдрийн цуглааныхаа сахилга бат хууль мөрдөх лекцээ сонсоод зөвшөөрөл авсан учраас хуулийн дагуу жагсаалаа зохион байгуулна” гэв.