
Лондонд төвтэй электрон поп уран бүтээлч Шайгэрл дөрвөн жилийн дараах хоёр дахь студийн цомгоо “Swallow!” нэртэйгээр гаргаж буйгаа зарлалаа. Цомог ирэх 11 дүгээр сарын 6-нд "Because Music" лэйблээр худалдаанд гарах бөгөөд шинэ бүтээлийнхээ тэргүүлэх сингл болох “Lucky”-ийг мөн сонсогчдодоо танилцуулжээ. Тус дууны клипийг Остин Тейлор Пиз найруулсан агаад кадр таслалгүйгээр бүтээсэн байна.
“Swallow!”-г Шайгэрл өөрийн уран бүтээлийн “Дахин танилцуулга” хэмээн тодорхойлжээ. Тэрээр цомгийг бүтээх явцдаа хайр дурлал, өөрийгөө танин мэдэхүй, эргэн тойрныхоо ертөнцийг илүү гүн мэдрэх зэрэг амьдралын өөрчлөлттэй үеийг туулсан байна. Продюсер Карма Кид цомгийн илүү хүчтэй, өргөн цар хүрээтэй электрон хэсгүүдийг, харин Кэси Мэкюү эмзэг, нарийн аялгууг хөгжүүлэхэд оролцжээ.
Ингэснээр Шайгэрл анхны цомгийнхоо электрон хөгжмийн суурийг орхилгүйгээр илүү уянгалаг, дотоод мэдрэмжтэй дуугаралт руу шилжихийг зорьсон байна. Шинэ цомог “Alyse”, “Lucky (Hymn)”, “Luvli”, “Submit”, “Live The Life You Like”, “Sublime”, “Eternal” нийт 11 дуунаас бүрдэж байгаа аж.