Өнөөдөр дэлхийн бөөр хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд УНТЭ-ийн Бөөрний төв “Бөөрний өвчин  ба таргалалт” с эдвийн дор сургалт зохион байгууллаа. Манай улс 2009 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэн, жил бүр тодорхой нэг уриа дэвшүүлэн оролцдог байна. Өнгөрсөн жил “Бөөрний өвчин  ба хүүхэд” сэдвийн дор зохион байгуулсан бол энэ жил “Бөөрний өвчин ба таргалалт” гэсэн сэдвийг сонгожээ. Учир нь  таргалалт нь цусны даралт, чихрийн шижин өвчин болон бөөрний архаг дутагдал үүсэх шалтгаан болдог гэнэ. Мөн дэлхий даяар бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүсийн 70-80 хувь нь чихрийн шижинтэй хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг аж. Энэ нь манай улсад ч мөн элбэг байдаг байна. Өнөөдрийн сургалтад  гемодиализийн өвчтөнүүд болон тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид  оролцлоо. Энэ үеэр сургалтад оролцогчдын цусны даралт, өндөр, жинг үзэн таргалалттай эсэхийг тогтоож байв. Мөн гемодиализийн эмчлүүлэгчдийн “Чандмань холбоо” ТББ байгууллагынхан оролцож, хүмүүст  бөөрний өвнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байлаа.

УНТЭ-ийн Бөөрний төвийн профессор, АУ-ны доктор, эмч Л.Од-Эрдэнэ  “Манай улсад бөөрний эмгэг, бөөрний тэвшинцэрийн болон  архаг үрэвсэл зэрэг эмгэгүүд элбэг байгаа. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин нэмэгдэж байна. Энэ нь хүн амын төвлөрөлт, амьдралын хэв маяг, цаг уурын байдлаас үүдэлтэй. Аливаа өвчин тусах эсэх нь хувь хүмүүсээс их шалтгаалдаг. Тэгэхээр иргэд эрүүл мэндийн боловсрол өндөр байх хэрэгтэй. Манай ард иргэд эрүүл мэндийн боловсрол төдийлөн сайн биш байгаа. Гэхдээ сүүлийн үед эрүүл  мэндийн нэвтрүүлгүүд их гарч, сургуульд хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээл зааж энэ чиглэлийн боловсролыг  олгодог болсон. Энэ нь их том алхам юм. Гэхдээ л ард иргэдийн  эрүүл мэндийн боловсрол хангалттай сайн биш. Тиймээс бид өнөөдөр зөвхөн эмч эмнэлгийн ажилчдад биш иргэддээ зориулсан сургалт хийж байна. Сургалтаар “Таргалалт ямар шалтгаантай байдаг. Таргалалт нь бөөрөнд ямар нөлөөтэй байдаг юм бэ” гэдгийг иргэддээ мэдүүлэхийг зорьж байна. Хувь хүн өөрөө л жаахан хичээгээд эрүүл мэнддээ багахан цаг гаргавал эрүүл амьдрах бүрэн бололцоотой юм шүү дээ. Бид ард иргэддээ өвдснийхөө дараа биш хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг хүргэх зорилготой байгаа” гэлээ.

Хувь хүн өөрөө л жаахан хичээгээд эрүүл мэнддээ багахан цаг гаргавал эрүүл амьдрах бүрэн бололцоотой юм шүү дээ.

Тус эмнэлгийн хамт олон дэлхийн бөөр хамгаалах өдрийг угтан энэ сарын 4-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдэд сургалт явуулж цусны даралт, жин өндрийг үзэн үзлэг хийжээ. Ингэхдээ 170 гаруй иргэнийг хамруулснаас  80 гаруй хувь нь даралт ихсэлттэй, 70 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. Зөвхөн нэг сумын үзлэгт хамрагдсан иргэдийн дунд ийм үзүүлэлттэй байгаа нь таргалалт манай улсад их байгааг илтгэж байна. Дэлхий дахинд жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа юм. АНУ-д 20 наснаас дээш хүмүүсийн 70 орчим хувь нь жингийн илүүдэлтэй байдаг аж. Дээр хэлсэнчлэн таргалалт нь  бөөрний архаг үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог байна.

Монгол Улсын хэмжээнд бөөрний өвчний төгсгөлийн шатанд ороод гемодиализийн эмчилгээнд хамрагддаг зургаан зуу орчим хүн байдаг. Тэд нэгдэн “Чандмань холбоо” хэмээх ТББ байгуулсан байна. Тэд УТНЭ-ээс зохион байгуулдаг бөөр хамгаалах өдрийн арга хэмжээнд хоёрдахь жилдээ оролцож байгаа гэнэ. Тус ТББ-ын гишүүд ийнхүү ярилаа.

Амьдралын эрүүл хэв маяг нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлнэ

-“Би хамгийн анх 2010 онд гемодиализийн эмчилгээнд орж байсан. Тэр үед аппаратны хүрэлцээ муу байсан. Тэгээд тэр аппаратны хүртээмжийг сайжруулах, эмчилгээг нь нэмэгдүүлэх нь миний зорилго болж ТББ-аа байгуулсан.”

-“Миний хувьд гемодиализийн эмчилгээ хийлгээд 10 жил болж байна. Энэ эмчилгээ хийлгэдэг хүмүүст аппаратны хүрэлцээ муу,  эмчилгээний чанар, эм тариа, улсын бүртгэл, даатгалд орох гэх мэт асуудлууд тулгардаг. Хүмүүс өвдөхөөсөө өмнө энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг  хүмүүст анхааруулан хэлмээр байна” гэсэн юм.

Манай улсад бөөрний өвчний улмаас жил бүр 150 хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог. Мөн бөөрний эмчид хандсан хүмүүсийн 50 гаруй хувь нь бөөрний архаг өвчний хүнд шатанд орсон байдаг гэсэн судалгаа байдаг. Бодисын солилцооны сөрөг өөрчлөлт нь бөөрийг гэмтээдэг ба бодисын солилцоог зохих ёсоор нь  цаг алдалгүй зохицуулбал бөөрний өвчин үүсэж, хүндрэхийг хойшлуулж болдог бөгөөд амьдралын эрүүл хэв маяг нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг эмч, мэргэжилтнүүд санууллаа.