Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн цагаан сарын шинийн таванд төрөлх театртаа ахмад уран бүтээлчдээ хүндэтгэн хүлээн авч сар шинийн өргөн золголтоо хийлээ.

Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, Н.Сувд, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин С.Дамдин, Б.Тунгалаг, Б.Жаргалсайхан, З.Жарантав,  Г.Урнаа, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү, О.Отгонбат, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд, Б.Нармандах тэргүүтэй тайз, дэлгэцийн сэтгэлд хоногшсон олон бүтээлд өнө мөнх хуучрахгүй дүр бүтээсэн авьяаслаг жүжигчид нэгэн дор цуглажээ.

Гандантэгчинлэн хийдийн лам нар ном хуран сан тавьж, даллага авахууллаа. Түүнчлэн уламжлал ёсоор тус театрын дэргэдэх студи ангийн залуу жүжигчид дуу бүжиг толилуулан ахмад буурлууддаа мэндчилсэн юм.

Драмын театрын уран сайхны удирдаач Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд улиран одсон бичин жилдээ уран бүтээлийн арвин их ургацтай,  эрүүл энх сайн сайхан үдэж байна гээд "Ирж буй тахиа жилдээ шинэ уран бүтээлээр бэлэг барьж сайхан угтлаа. Уран бүтээлч хамт олон маань тахиа жилдээ улам их  амжилттай байна гэдэгт эргэлзэхгүй байна.  Өнгөрсөн жил бид хөдөө орон нутгийнхаа үзэгчидтэй уулзсан, гадаад харилцаагаа өргөжүүлсэн сайхан жил өнгөрлөө. Тахиа жилдээ үүнээс илүү их амжилт гаргаж, өтгөс буурлууд маань эрүүл энх бидэндээ түшиг тулгуур болж залуучууд маань өсөн дэвжиж, өд сөд нь ургаж улам их бүтээлтэй, амжилттай байна гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн мэндчилсэн юм.

Тэд Монголын драмын урлагийн түүхэнд өөр өөрийн зам мөртэй, бүтээсэн сайхан дүрүүдтэй ахмад уран бүтээлчдээ хоймортоо залан хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг зөрүүлэн амар мэндийг нь асуун байлаа.

УДЭТ-ын хамт олон сар шинийн баяр болгоноор ахмад уран бүтээлчид, ажилтан ажиллагсадтайгаа золголт зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил ч алгассангүй.

Театрын уран бүтээлчдийн цагаан сарын гоёлыг хамтдаа тольдоё.