Монголын рок поп ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, ур чадвараараа ялгардаг “Sweetymotion” хамтлагийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэгвэл 20 жилийн ойгоо угтаж тус хамтлагийн дуучин Э.Ганболор анхны бие даасан цомгоо өлгийдөн авлаа.

Тэрээр өнөөдөр цомхон хүрээнд цомгоо танилцууллаа. “Ганцаараа байхдаа цомог” есөн уран бүтээлээс бүрдэж байгаа.

Энэхүү цомог нийт 9 дуутай. Э.Ганболорын ганцаараа дуулсан “3 үг”, “Мөр”, “Минийх”, “Зүүдэн”, “Улаанбаатарын үдэш”, “3 үг” ремикс зэрэг зургаан дуу багтсан байна. Харин үлдсэн “Welcome to the New World”, “S.E.X”, “Хайрыг уучил” зэрэг гурван дуу нь “Sweetymotion” хамтлагийнх бөгөөд цомгийн bonus track-аар оржээ.

“Гурван үг” дууныхаа клипийг өнгөрсөн онд дэлгэсэн билээ.

Дуучин Э.Ганболор цомог дээрээ “Ганцаараа байхдаа, ганцаараа дуулсан анхны бүтээл минь. Танд таалагдах болтугай. Ганцаараа байх мөчид тань миний дуунууд хамт байг” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Анхны бие даасан цомгоо өлгийдөн авсанд баяр хүргэе. Цомгийнхоо онцлогын талаар сонирхуулахгүй юу?

-Баярлалаа. Хамтлагийнхаа 20 жилийн ойн дээр бие даасан цомгоо гаргалаа. Ийнхүү давхацсан нь миний хувьд бэлэгшээлтэй сайхан үйл явдал боллоо. Цомгийн маань онцлог гэвэл бие  даасан болон бусад продюсеруудтай хамтран бүтээсэн уран бүтээлүүд орсон. Хэлбэрийн хувьд нэг онцлогтой нь цомог маань CD болон USB drive хэлбэрээр гарсан. Намайг уран бүтээлч нөхөд маань төсөөлж зурснаар комик маягийн жижигхэн Ганболор бий болоод түүгээрээ флашаа дуурайлган хийсэн онцлогтой.

-Ганцаараа бие даасан цомгоо гаргасан болохоор магадгүй хамтлагийн гишүүд ч гэсэн бие даасан цомгоо гаргахаар төлөвлөсөн болов уу?

-Биднийг хэдийгээр хүмүүс хамтлагаар маань төсөөлдөг ч гэсэн бид хамтдаа дуулж байхдаа өөр өөрийн гэсэн зан чанар, өвөрмөц өнгө төрхтэй хувь хүмүүс. Тиймээс түүнийгээ гаргахаар бие даасан цомгуудаа гаргая гэж бид ярилцсан. Эхнийх нь би болж байна. Яваандаа манай хоёр үргэлжлүүлээд бие даасан цомгоо гаргана. Энэ нь гэхдээ бид хамтлагаараа дуулахаа больж байгаа гэсэн үг биш. Уран бүтээлийнхээ хажуугаар өөр өөрсдийн бие даасан цомгоо гаргах болно.

-Уран бүтээлээрээ дамжуулан сонсогч фенүүддээ юуг хүргэхийг зорьсон бэ?

-Мэдээжийн хэрэг уран бүтээлч хүний ажил тухайн хүний хувийн амьдрал, дотоод ертөнцтэй холбоотой байдаг гэж боддог. Энэ хугацаанд хамтлагийнхан маань бүл нэмэн монголын үрсээ маш олон болгохоор уран бүтээлээ түр орхисон. Тэр хугацаанд би ганцаараа өөртэйгөө нэлээд ажилласан гэж хэлж болно. Телевизийн ч ажил хийж, өөр салбарт  орж ажиллаж үзсэн. Өөрийгөө илүүтэйгээр олж, өөрийгөө илүүтэйгээр илэрхийлэхийг хүссэн жил гаруйн хугацаа өнгөрсөн юм болов уу гэж бодсон. Тэр утгаараа би ганцаараа байхдаа гэж нэр өгсөн. Хамтлагаараа биш ганцаараа дуулж байгаа учраас ганцаараа. Гол нь дуугаараа юуг илэрхийлэхийг хүссэн бэ гэхээр хүн ганцаараа байхдаа өөрийнхөө мөн чанарыг олж чаддаг юм байна гэдгийг тодорхой хэмжээгээр илэрхийлсэн. Мэдээжийн хэрэг энэ бүхнийг бүрэн илэрхийлж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд ажиллалаа.

-Хамтлагаараа дуулах, ганцаараа дуулах хоёрт хэр ялгаа байв?

-Ганцаараа дуулсан уран бүтээлүүд хамтлагаас өөр сонсогдож байна гэж олон хүмүүс хэлсэн. Хамтлагийн хувьд илүү сэтгэл хөдлөлтэй, бадрангуй, зоригтой шийдлүүдийг гаргахыг хүсдэг. Харин бие даасан уран бүтээл дээрээ би илүү зөөлөн романтик тал руугаа байна гэж намайг сонссон хөгжмийн хүмүүс дүгнээд байгаа. Би илүү хувь хүн, эмэгтэй хүн гэдэг талаасаа уран бүтээлээ гаргаж ирсэн байх. Тэр нь бараг намайг хамтлагаар маань төсөөлж байсан хүмүүст өөр сонсогдох байх. Ганцаардаж байгаа ганцаараа хоёр бол тусдаа ойлголт. Тэр ч утгаараа миний цомогт эмэгтэй хүний гунигтай ганцаардал, ууртай ганцаардал, хайраа олж байгаа ганцаардал бас байгаа. Тэгэхээр эмэгтэй хүний ганц бие байхдаа туулдаг тэр хайр дурлалын талын амьдрал илүү харагдах байх гэж бодож байна.

-Хамтлагийнхаа продюсер Б.Чинбаттай хамтран ажилласан уу?

-Энэ цомог дээр Чинбаа маань зөвлөхөөр ажилласан. Хамтлагийг маань Чинбаагаар 20 жил сонссон болохоор энэ удаад би өөр хүмүүстэй хамтран ажиллавал намайг өөрөөр сонсохыг хүссэн хүмүүсийн ертөнц гарч ирэх юм болов уу гэж бодсон. Тиймээс энэ удаад Чинбаагаасаа өөр хүмүүстэй ажилласан.

-Ямар уран бүтээлчидтэй хамтран ажилласан бэ?

-“Ocean Grey” продакшн, хөгжмийн зохиолч Оки, “Нэгүн” студитэй болон “A Sound” хамтлагийнхантай хамтран ажилласан.

-Анхны бие даасан цомгоо гаргалаа. Тоглолт хийх төлөвлөгөө бий юү?

-Би ганцаараа тоглолт хийх төлөвлөгөө байхгүй. Харин энэ жил манай хамтлагийн 20 жилийн ой болж байна. Бид ойн баяртаа зориулан “Broadway show” хийхээр төлөвлөөд байгаа. Ирэх тавдугаар сард гэж төлөвлөсөн. Одоо хамтлагийнхаа ажилд зэрэг ороод явж байна.