Монгол Улсын гадаад худалдааны статистик мэдээлэл гарчээ. Тэгвэл 2017 оны эхний сард экспорт, импортод ямар өөрчлөлт орсныг доор хүргэе.
Экспорт
Экспорт 2017 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 30.2 хувиар буюу 99.4 сая ам.доллараар өссөн байна. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нь нийт экспортыг 32.8 нэгж хувиар өсөхөд нөлөөлсөн бол бусад төрлийн экспорт нь нийт экспортыг 2.6 нэгж хувиар буурахад нөлөөлжээ. Харин уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 5.1 нэгж хувиар өссөн бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 2.1 нэгж хувиар буурсан байна.
Түүнээс гадна өнгөрсөн сарын гүйцэтгэлээр экспортын гадаад худалдаа тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 57.4 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 42.0 сая ам.доллараар экспорт буурсан байна. Уул уурхайн түүхий эдийн экспорт нүүрсний экспортын биет хэмжээ, үнэ өссөнөөс голлон шалтгаалж харин 108.0 сая ам.доллараар өссөн байна. Харин аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт биет хэмжээ өссөн хэдий ч үнэ буурснаас 2.6 сая ам.доллараар экспортын хэмжээ буурчээ.
Импорт
Импортын хувьд мөн энэ оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 39.2 хувиар буюу 78.0 сая ам.доллараар өсчээ. Импортын өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 18 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 14 нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт зургаан нэгж хувийг тус тус тайлбарлаж байна. Хэрэглээний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс зургаан нэгж хувиар буурсан бол нефтийн бүтээгдэхүүний жин зургаан нэгж хувиар өсчээ.
Нөгөөтэйгүүр нефтийн бүтээгдэхүүний импорт 96 хувиар өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2013 оноос эхлэн үргэлжлэн буурч байсан хэдий ч 2017 оны нэгдүгээр сарын байдлаар тонн тутамд 564.3 ам.долларт хүрч дөрвөн сар дараалан өсөөд байгаа нь энэ юм.