
Жил бүрийн аравдугаар сарын 28-нд Олон улсын анимейшний өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 2002 онд Олон улсын анимейшний киноны холбоо (ASIFA) санаачлан бий болгосон бөгөөд 1892 оны аравдугаар сарын 28-нд Францын зохион бүтээгч Шарль-Эмиль Рейно Парис хотноо өөрийн бүтээсэн оптик театрын төхөөрөмжөөр хөдөлгөөнт дүрсийг олон нийтэд анх удаа үзүүлсэн түүхэн үйл явдлыг дурсдаг аж.
Анимейшн нь гараар зурсан дүрс, хүүхэлдэй, шавар, цаас болон компьютерын технологи ашиглан хөдөлгөөн, үйл явдлыг бүтээдэг урлагийн төрөл юм. Өдгөө хүүхэлдэйн кино, анимэ, видео тоглоом, сурталчилгаа, хөгжмийн клип, киноны тусгай эффект зэрэг олон салбарт өргөн ашиглагдаж байна. Мөн богино хэмжээний болон бүрэн хэмжээний анимейшн бүтээлүүд нь нийгмийн асуудал, хүний сэтгэл зүй, түүх, соёлын сэдвийг өвөрмөц дүрслэлээр илэрхийлэх чухал хэрэгсэл болжээ.
Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн олон орны анимейшний байгууллага, уран бүтээлчид кино үзвэр, үзэсгэлэн, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын хөгжил, шинэ технологи, залуу уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд таниулдаг. Тухайлбал, Японд Олон улсын анимейшний өдрийг Токио, Осака, Киото зэрэг долоон байршилд тэмдэглэхээр төлөвлөжээ. Уг өдөр нь анимейшнийг зөвхөн зугаа цэнгэл бус, бие даасан урлаг, соёл хоорондын харилцааны чухал хэлбэр гэдгийг онцолдог.