
"Монголын медиа корпорац"-аас санаачлан хоёр дахь жилдээ, дөрөв дэх удаагаа хэрэгжүүлж буй "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян орон даяар зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлага зэргийг ард түмнээр дүгнүүлэхээр болсон. Учир нь 2017 он бол Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн найман жилийн хугацаа дуусгавар болох жил юм.
"Ардын үг" зөвлөлдөх аяны хувьд онцлогтой. Юу гэвэл, аливаа улстөрч, төрийн томилогдсон болон сонгогдсон албан тушаалтны хийсэн ажилд ард түмнээр дүн тавиулахдаа юун түрүүнд иргэдийг мэдээллээр хангадаг юм. Ингэснээр тодорхой зөв, бодит мэдээлэл авсан иргэд аливаа асуудалд ул суурьтай хандаж дүгнэлт өгдөг.
Энэ жишгийн дагуу "Монголын медиа корпорац" Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн онцлох ажлууд, санаачлагуудыг тоймлон иргэдэд хүргэж байгаа билээ. Өчигдөр Ерөнхийлөгчийн гадаад бодлого, хөрш орнуудын харилцаа гэсэн сэдвийг онцолсон бол өнөөдөр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын талаарх мэдээллийг хүргэж байгаа юм.
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулснаараа Монгол Улсын нэр хүнд олон улсад хэд дахин өссөн гэж судлаачид ярьдаг. Мөн АСЕМ-ын уулзалтад оролцож байсан дэлхийн томчууд "Монгол Улсын аюулгүй байдал улам баталгаажлаа" хэмээн хэлж байлаа. АСЕМ Монголд юу үлдээсэн бэ гэх асуултад ч судлаачид, улс төрчид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байв. Тэгвэл АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалтад сайн дураараа оролцсон оюутнуудын төлөөлөл болгон М.Тэргэл, Б.Номундарь нарын сэтгэгдлийг сонсч, ярилцлаа. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд сурдаг тэдгээр оюутнууд Монгол Улсаараа, өөрсдөөрөө маш их бахархсан гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
-Яагаад АСЕМ-ын уулзалтад сайн дураараа оролцох ёстой гэж бодсон бэ?

М.Тэргэл: -АСЕМ Монголд зохион байгуулагдах гэж байна гэж Ерөнхийлөгч ярьсныг сонссон. Миний хувьд олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг. Тэр утгаараар АСЕМ-ын улзалтад заавал оролцож, өөртөө тодорхой хэмжээний туршлага хуримтлуулахын тулд, мөн Монгол Улсдаа өөрийнхөө хэмжээнд жаахан ч гэсэн туслах юмсан гэж бодоод сайн дураараа оролцохоор шийдсэн.
Б.Номундарь: -Миний хувьд ч мөн адил. Миний сурдаг мэргэжил яахын аргагүй энэ үйл явдалтай холбоотой. Тэгээд ч маш их зүйл харж, мэдэж, суралцах боломж шүү дээ.
-Та хоёр АСЕМ-ын өдрүүдээр ямар ажил хийсэн бэ?
М.Тэргэл: -Улс орнуудын төрийн тэргүүнүүдийн байрлаж байсан АСЕМ-ын хотхоны урд монголчуудын аж амьдралыг харуулсан "Монгол хүрээ"-нд үндэсний хувцас танилцуулах, өмсөх ажил хийсэн. "Монгол хүрээ"-нд монголчуудын зан заншлыг харуулсан хувцас, үндэсний тоглоом наадгай, хоол, хүнс зэрэг маш олон зүйл байсан.
-Улс орны Төрийн тэргүүнүүдээс гадна маш олон зочид төлөөлөгчид энэ уулзалтад оролцсон. Тэд "Монгол хүрээн"-нд зочлохдоо юуг илүүтэй сонирхож байсан бэ?
-Монгол үндэсний хувцасыг маш их сонирхож, биширч байсан. Үндэсний хувцас өмссөн үед хамт зураг авахуулъя гэсэн хүн их олон байсан. Тэр үед үндэсний хувцасаараа маш их бахархсан. Түүнээс гадна каллиграф, монгол бичгийг ихээр сонирхож, өөрсдийнхөө нэрийг бичүүлж авч байлаа.
Б.Номундарь: -Чингис хааны үед хэрэглэж байсан шиг загвартай дээл хувцас болон казах, буриад дээл хувцас гээд Монгол үндэстний бүхий л хувцасыг гаднын зочид төлөөлөгчид маш ихээр сонирхож байсан. Түүнээс гадна монголчуудын урлаг соёлыг сурталчилж байсан язгуур урлагийн гэрүүдээр маш их хүн зочилж, монголчуудын өв соёлыг мэдэрч чадсан байх гэж бодож байна.
-АСЕМ-ын уулзалтад сайн дураараа оролцсоноор өөртөө юу үлдээж чадсан бэ. Монгол Улсаараа бахархах сэтгэл чинь нэмэгдсэн үү?

Б.Номундарь: -Маш их нэмэгдсэн. Монгол Улсаараа үргэж бахархаж явах ёстой гэдгээ ойлгосон. Манай Монголын бичиг, урлаг соёл, хувцас гээд бүхий л зүйлийг зөвхөн монголчууд бус гадаадын төлөөлөгчид биширч байгааг харах сайхан байсан. Түүнээс гадна АСЕМ-аар ажилласнаар өөртөө итгэх итгэл үнэлэмжийг дээшлүүлж чадсан гэж бодож байна.
М.Тэргэл: -Сайн дураараа ажиллахад шалгарсан 1200 монгол залуу дунд НҮБ-ын таван хэлээр чөлөөтэй ярьдаг олон залуу байсан. Суралцах зүйл маш их байлаа. Монголоороо бахархах, мэргэжилдээ улам их дурлах гээд маш олон зүйлийг үлдээсэн.
-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаар ажилласны дараа тэтгэлэг хөтөлбөр ч юм уу, өөр газар ажиллахад үнэлэмжийн хувьд өөрлөлт орсон уу?
М.Тэргэл: -Өөрчлөлт орсон. Жишээлбэл, АСЕМ-ын уулзалтаар ажилласны дараа "С.Зориг сан"-гийн тэтгэлэгт орох гээд анкет өгөхөд, АСЕМ-д ажиллаж байсан гэхээр хүмүүсийн хандлага арай өөр болж байсныг анзаарсан. Өөр тэтгэлэг хөтөлбөрүүдэд ороход ч бас нөлөөлж байлаа.
-АСЕМ-ын уулзалтаар найз, нөхдийн хүрээ хэр нэмэгдэв. Монгол дээл өмссөн М.Тэргэлтэй, Б.Номундарьтай зурагаа авахуулъя, фэйсбүүкт зурагаа оруулъя гэх хүн олон байсан байх?
М.Тэргэл: -Би өөрөө Англи, Япон хэлтэй. Нэг зүйл тодотгож хэлэхэд, зочдыг хүлээн авах үеэр зогсч байсан байрны өмнүүр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, Германы Канцлер Ангела Меркель нар алхсан. Тэр үеэр бүгдээрээ надтай мэндэлсэн. Энэ бол АСЕМ-ын үеэр надад үлдсэн хамгийн сайхан дурсамж.
Б.Номундарь: -Найзын хүрээ их нэмэгдсэн. АСЕМ-ын үеэр танилцсан найз олон бий.