
Монголын бурхан шашны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц Алтан Унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын өмнө сүсэгтэн олонтой уулзсан юм. Тэрээр өнөөдөр IMAX-Өргөө кино театрт "Монгол өв соёл-үүрэг хариуцлага" сэдвээр лекц тавьсан. Түүнтэй лекцийн өмнө цөөн хором ярилцлаа.
-Өнөөдрийн лекцээрээ ямар асуудлуудыг голчлон хөндөж ярих вэ?
-Энэ удаагийн лекцийн маань гол сэдэв монгол түмний цагаан сарын баярын тухай байна. Монголын цагаан сар бол бидний уламжлалт зан заншил, соёл юм. Тиймээс соёл зан заншил, уламжлалын тухай ярина. Монголчууд энэ их өргөн уудам дэлхий дээрээ гуравхан сая хүн байгаа. Бид аль болохоор уламжлалт соёл, зан заншлаа өвлөн авч Монгол хүн болж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол бидний дархлаа сайжрах учиртай. Энэ бол бурхны шашинтай нягт холбоотой байдаг. Сүүлийн дөрвөн жил бурхны шашинтай нягт холбогдож монголчуудын уламжлалт зан заншил соёл тэр дундаа хүмүүний бие хэл сэтгэл гурвын үйл үүнтэй нэгдэж өгсөн. Уламжлалт зан заншил соёл сэргэнэ гэдэг бол нэг талаар хуучны уламжлалт сайн сайхан зүйлсийг авч амьдралдаа хэрэгжүүлэхийн дээр, уламжлалт бидний аав, ээж, ахан дүүс ямар маягтай аж амьдарч байсан юм бэ, тэдэнд биднээс илүү сайн тал юу байсан бэ гэж бодож ёстой юм.

Манай эцэг өвгөд биднээс хамаагүй их энэрэнгүй нигүүлсэнгүй, байгаль дэлхийгээ хайрладаг хамгаалдаг, байгаль дэлхийгээ мэддэг байсан. Тэд одон гарагын хөдөлгөөн орчлонт ертөнцийн хөдөлгөөнийг судалж, мэдэж энэ байгалийн өөрийн араншин дотор амьдардаг байсан учраас байгаль дэлхийн зан араншин төрхөөр ертөнцийн хуулийг ойлгодог хүмүүс байжээ. Тиймээс тэр мэдлэгийн үндсэн дээр өөрийнхөө амьдралыг авч явдаг. Өнөөдрийнх шиг их, дээд сургуульд сурч, шалгалт шүүлэг өгөөгүй ч гэсэн асар их өндөр мэдлэгтэй байсан. Бид тэднийхээ үйл ажиллагааг авлаж авах учиртай юм. Манай эцэг өвгөд цаггүй ажилтай. Нүүдэлчин амьдрал бол цаггүй байдаг. Гэхдээ бодлогогүйгээр зүгээр алхайгаад суугаад байвал ажил нь бүтдэг зүйл нэг ч байхгүй. Тэр амьдралын хэвшлийн дунд харахад тайван байдаг боловч тэр ажил нь цагтай, хугацаатай, сүү саалиа авахаас авахуулаад мал сүргээ өсгөн бойжуулах, таргалуулах, зудад автахгүй, зунд шуурга, мндөрт цохиулчихгүй гэх мэтчилэн мал аж ахуйтай хандаж ажиллаж байсан үйл хөдлөл бүр нь мэдлэг дээр суурилсан амьдрал дээр батлагдсан хууль байсан. Түүнийгээ хэнээр ч шаардуулахгүй, өнөөдрийнх шиг дотоод журам байгуулан ингэж ажиллавал тэдэн төгрөг өгнө гэж ярихгүй мөртлөө тэр ажлаа цаггүй хийж л байлдаг байсан. Энэ амьдралын хэвшил нь монгол хүмүүсийг их ажилласаг, үүрэг хариуцлагатай болгосон байдаг. Үүрэг хариуцлагаа тэд өөрсдөө ухаарч мэдсэний үндсэн дээр ажлаа хийдэг болгосон. Тэд зүгээр л ертөнцийн аяар жаргаад зунд нь айраг уугаад хэвтэж, өвөлд нь өвөлжөөндөө малаа хашаад байж байдаг юм шиг хотынхон ойлгодог ч тийм биш юм. Тэд дотоод хариуцлагаа маш сайн ойлгосон учраас мал нь өсөж, онд орон өөрсдийнхөө амьдралыг сайхан авч явж байгаа юм. Энэ талаас нь бид бодож үзэх юм бол цагаан сараар дамжуулаад бие, хэл, сэтгэл гурвын үйлийг яаж хянаж зохицуулж, яаж сайхан амьдарч байсан юм бэ. Бие биетэйгээ ямар эвтэй байсан юм бэ.

Нүүдэлчин амьдралд бол буддын шашны эвлэрэл нэгдлийн сургаал хэрэгжсэн байсан. XIX зууны сүүл XX зууны эхэр үеэр монголоор явсан асар олон жуулчид, газар шинжилгээний эрдэмтэд явж өнгөрөхдөө тэмдэглэсэн тэмдэглэлүүд байдаг. Тэрхүү тэмдэглэлд монголчуудын зочломтгой, найрсаг шинж чанар, бие биетэйгээ эвцэн амьдарч байгааг магтан сайшаасан байдаг. Тиймээс бид эцэг, өвгөдийнхөө сайхан зан чанаруудыг авч үлдэх учиртай юм. Энэ талаар ярина даа гэж бодож байна.
-Цагаан сараар бие, хэл, сэтгэл гурав ариун байх талаар ярина гэлээ. Үүнд бид ямар үйлдлийг зонхилон буруу хийгээд байдаг юм бол оо?
-Энэ нь цаанаа буддын угсуургатай. Надтай харьцаж байгаа бүхий л хүмүүсийн харилцаа миний бие хэл сэтгэл гурвын үйлээс болж янз бүр болдог. Жишээлбэл, би биеэ авч явж чадахгүй олны дунд нүүр царайгаа харгис догшин юм шиг байлган гараа зангидсан ийм байх юм бол миний эргэн тойрны хүмүүс энэ дандаа хүн хүндэтгэдэггүй, бусдыг дээрэлхэх шинжтэй байдаг гээд тэд тийм л хөдөлгөөн хийж эхэлдэг. Яагаад гэвэл би удирдан зохион байгуулж гадна талынхаа ертөнцийг тийм эвгүй, өөрийгөө хүндэтгүүлэхгүй байдалд оруулж байгаа. Миний хэл хэчнээн бусармаг хүний харааж, зүхэн, доромжилж, шоолдог байх юм бол тэр орчин дандаа энэ ингэдэг гээд над руу эргээд тэр үгс улам хүчтэйгээр доромжлон, шоолж эргэдэг. Бие, хэл бол цаад талдаа сэтгэл гэдэг агуу зүйлийн зарц юм. Сэтгэлд юу бодогдож байгааг бие, хэл үйлддэг. Тиймээс хамгийн гол нь сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Энэ гурван үйл дээр дулдуйдаж бие сэтгэлийн үйлээ өөрөө дотогшоо харж ажигладаг, гадна талын ертөнц рүү харахдаа буянтай ханддаг. Хүн рүү хүндэтгэлтэй хандан үг хэл цэгцрээд ирэхээр миний үр хүүхдүүд над руу гүйж ирдэг, миний хань надтай сайхан харьцдаг болж, миний ойр орчны хүмүүс бүгдээрээ над руу сайхан хардаг болдог. Хүн өөрийгөө зөв авч явна гэдэг бол бусад хүнийг намайг хүндэтгэхэд хүргэдэг. Ертөнц дээр амьдарч байхад хүнээр ад болж, шоолуулж, шоглуулж, дээрэлхүүлж амьдраад хэрэггүй. Өөрийнхөө бие хэл сэтгэл гурвын л зөв авч явах юм бол бусад хүн ч над руу зөв ханддаг. Хамгийн түрүүнд бурхны шашин болоод монголчууд гадна тийшээ харж түүнийг шүүмжлэхдээ гол нь биш өөрийнхөө дотор тал руу харж би яагаад ийм байдалд ороод байгаа юм бэ гээд сэтгэл зүрхээ зөөллөж чадах юм бол учир шалтгааны үүднээс өөрийн биеийг зохицуулж чадна. Намайг хэчнээн сайхан аялагхан байх тусам гадна талын ертөнц зөөлөн болдог.

-Сар шинийн баяр дөхөөд ирэхээр нэг асуудал үүсдэг. Цагаан сарыг тэмдэглэх өдрийн тухайд сүүлийн жилүүдэд иргэдийн дунд эргэлзээтэй зүйлс их яригдах болсон. Зарим иргэд сарын өмнө цагаан сараа тэмдэглэн шинэлсэн. Жил бүр ийм яриа гардаг нь ямар учир шалтгаантай юм бэ?
-Цагаан сарын 1990 оноос хойш ийм байдлаар тэмдэглэх болсон. Үүнд ард түмний эргэлздэг зүйл нь юу вэ гэхээр манай шашин зөв учраас эднийх буруу байх аа л гэж бодож байгаа. 1911 онд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан оны тооллыг олноо өргөсөн он тоолол гээд Төгсбуянтын зурхайг авч хэрэглэсэн гэж эрдэмтэн мэргэд ярьдаг. Би зурхайч хүн биш шүү. Энэ яриа гарах болсноос хойш үүнд их анхаарах болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа хүн төрөлхтний хэрэглэж байгаа зурхай. Хятад тэргүүтэй орнууд энэ шар зурхайгаа хэрэглэдэг. Шар зурхайд зарлигаар тогтоогдсон гэдэг. Тэгэхээр хаан зарлиг гаргаж энэ зурхайг хэрэглэ гэсэн үг. Тэр нь манжийн хаана ч байсан юм уу зарлиг гарган энэ шар зурхайгаар яв гэж. Манжийн хааны гаргасан зарлиг өөрийн эзэлсэн орнууд дээр хэрэгжиж байх ёстой. Тиймээс хаан өөрийнхөө тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж байхын тулд бүх өөрийнхөө эзэлсэн улсуудад энэ шар зурхайг гарган хэрэглэсэн юм шиг байгаа юм.

Монголын нөхцөлд бол хоёр зурхай яваад байсан байдаг. Хөдөө аж ахуйтай малчид Төгсбуянтын зурхайгаар Манжийн хааны зарлиг тогтоолыг хэрэгжүүлдэг тэр хүмүүс шар зурхайгаар явж байсан. Яагаад малчид энэ Төгсбуянтын зурхайгаар явсан юм бэ гэхээр шар зурхай сарын 30 өдрийг тухайн сардаа шахаад буюу багтаагаад хийчихдэг. Төгсбуянтын зурхай нь нүүдэлчин ард иргэдэд сар харж шинийн долооны сар гарч дээ гээд хэлбэрийг нь маш сайн мэддэг. Тэд тэнгэр рүүгээ хараад шууд л шинийн таван, шинийн 20 гээд хэлдэг. Хөдөө байдаг малчид бичиг үсэгтэн байгаагүй учраас тэрхүү шар зурхайг байнга өвөртлөн харж өнөөдөр шинийн долоон гээд мэддэггүй, харин тэнгэрээ хараад сараа харан мэддэг байсан. Тэнгэрийн сарны хэлбэр дүрсийг авч явдаг учраас Төгсбуянт бол малчдын зурхай гэгддэг. Яагаад илүү өдөртэй байгаа юм бэ ертөнц хурдасчаа юу, яагаад дутуу байгаа юм бэ цаг хугацаа зогсчхоо юу гэж хүмүүс асуудаг. Энэ дэлхийг сар зууван замаар тойрч эргэдэг. Тэгэхээр зууван замаар эргэж байгаа нөхцөлд сар дэлхий рүү хамгийн ойр цэгт очиход дэлхий сар хоёрын таталцлын хөдөлгөөн ихэсч, сарны хөдөлгөөн удааширдаг. Тэр үед сар дэлхий дээр харагдах байдал нь хоёр өдөр өнгөрсөн ч нэг л хэвээрээ шинийн долооны сар тэр чигтээ байдаг. Мөн сар дэлхийгээс их хол очихоор сар дэлхий хоёрын таталцал сулран сарны хөдөлгөөн хамаагүй хурдан явдаг. Тэр үед сар шинийн таван байснаа зургааны хэлбэр дүрсээ үзүүлэхгүй шууд долооны сар гардаг болохоор хасалт хийдэг. Төгсбуянтын зурхай бол сарны хэлбэр дүрсийн зурхай, харин шар зурхай нь сарны хэлбэр дүрсийг харгалзан үзэхгүйгээр хоногоо шахаад хийсэн.

