Удахгүй Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр тохионо. Манай сурвалжлах групп энэ удаад “Хүчит шонхор” захыг зорин ууц, үхрийн өвчүү, махны үнэ ханш сонирхлоо. Нийслэлдээ л махны хамгийн доод үнэ, ханшийг тогтоодог гэх эл зах амралтын өдөр олны хөл хөдөлгөөнд дарагддаг бол ажлын өдөр ачаалал бага байгаа талаар худалдаачид хэлж байлаа.

“Хүчит шонхор” захад “Портер” машинуудын тэвшин дээр орон нутгаас зорин ирсэн малчид ууц зарж байлаа. Харин захын баруун хэсгийн агуулахад захын худалдаачид махаа борлуулна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, мах тээвэрлэн авчирч худалдах болсон. Энэ жилийн хувьд Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгийн иргэд ийнхүү орон нутгаасаа авчирсан махаа борлуулж байлаа. Тэдний борлуулж буй үнэ худалдаачдын үнэтэй ижил байгаа ч орон нутгаасаа хамааран ууцны хэмжээ нь том, жижиг байх аж. Мөн махны амт, чанар өөр байдаг талаар ч тэд онцлон ярьсан юм.

-Үхрийн дундаж өвчүү 90-120 мянган төгрөг-

Том, жижиг, тарган, туранхай болоод аймаг, сумдаар нь ялган өрсөн эдгээр ууц 120-450 мянган төгрөгийн үнэтэй байв. 1 кг хонины мах 4100-4300 төгрөг учраас наймаачид ууцаа бараг энэ үнээр борлуулж байгаа гэв. Түүнчлэн зарим иргэд сар шинийн шүүсэндээ өвчүү тавих нь ч бий. Үхрийн өвчүү 1 кг нь 5500-6300 мянган төгрөг байв. Нэг өвчүү дунджаар 20 гаран кг болдог, хэмжээнээсээ шалтгаалан үхрийн өвчүү 90-120 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тус төвийн худалдаачид иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт бага байгааг хэлж байв. Худалдаачид өдөрт дунджаар 2-3 ууц борлуулж байгаа гэнэ.

Иргэд зөвхөн ууцаа аваад болчихгүй бууз, тавгийн идээ, бэлэг гээд тэдэнд бэлдэх зүйл олон.

-Хонины гулууз мах 1 кг нь 4000 төгрөг-

“Хүчит шонхор” захын гадна үхрийн цул мах 1 кг нь 6500 төгрөг, гулууз хонины мах 1 кг нь 4000 төгрөг, ямааны мах 1 кг нь 3000 төгрөг байна. Иргэд бууз хийхээр ихэвчлэн ямааны мах гулуузаар нь авч байгаа аж. Харин дотор лангуун дээр жижиглэнгээр өгч байгаа махны үнэ харилцан адилгүй байлаа. Үхрийн гуяны цул мах гэхэд л саяхан бэлтгэсэн шинэ бол нэг килограмм нь 7000-7500 төгрөг. Намар бэлдсэн хөлдүү үхрийн гуя нэг килограмм нь 6000-6500 төгрөг байв. Томоохон үхрийн гуя аваад буузаа бэлдье гэвэл 200 гаруй мянган төгрөг болох аж.

Түүнчлэн хонины мах ястай нь нэг килограмм нь 5300 төгрөг, хонины ясгүй мах нэг килограмм нь 5800 төгрөг, ямааны мах ястай нь нэг килограмм нь 4300 төгрөг, ямааны ясгүй мах нэг килограмм нь 4700 төгрөг, тэмээний мах 1 кг нь 4300 төгрөг, адууны мах нэг килограмм нь 4000-4800 мянган төгрөг, хонины сүүл 1 кг нь 5000-6000 төгрөгийн үнэтэй байв.

Үхрийн цул /шинэ/ 7000-7500 төгрөг

ястай 6000-6500 төгрөг

Хонь ястай 5300 төгрөг

Ясгүй 5800  төгрөг

Ямаа 4300  төгрөг

Ясгүй 4700  төгрөг

Адуу 4000  төгрөг

Ясгүй 4800  төгрөг

Тэмээ 4300  төгрөг

Хонины сүүл 5000-6000  төгрөг

Үндэсний статистикийн хорооноос хоёрдугаар сарын 1-ний байдлаар захуудад худалдаж буй махны дундаж үнийн графикийг гаргажээ.