“Madness” 20 жилийн ойн тоглолтын тов зарлагдан, постер цацагдсан цагаасаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн билээ. Учир нь “Madness” 20 жилийн өмнөх тэр л анхны бүрэлдэхүүнээрээ ямархан “Андууд” болохоо харуулна гэсэн нь ийн хүлээлт үүсгэсэн биз ээ.
Ингээд өнгөрсөн амралтын өдөр “Embassy” ресторанд “Андууд” нэртэй тоглолтоо толилууллаа...
Тэдний дуу бүхэн зүрхэнд хүрч, сэтгэлд хоногшин яг л өнөөдөр дуулж байгаа мэт тодхон эгшиглэсээр л.
Тоглолт эхлэхэд залуу “Madness” тайзан дээр гарч ирлээ. Учир нь хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнд өөрчлөлт орон хэсэг хугацаанд завсарласны дараа хамтлагийн ахлагч Ч.Оюунсайхан соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтаншагай, басс гитарчин Т.Боорчи нарын залууётай хамтран ийнхүү уран бүтээлээ хийх болсон. Тэд өнгөрсөн таван жилийн хугацаанд “Мadness-II”, “Madness-III” цомог гарган уран бүтээлээ үргэлжлүүлсээр яваа гавьяатнууд юм.
“Минийх”, “Мөнхийн хайр”, “Замд гарлаа”, “Захидал”, “Чиний хүсэл”... 2011 онд гаргасан хамтлагийн ахлагч Ч.Оюунсайханы бие даасан анхны цомгийн хит дуунууд тайзнаа эгшиглэлээ.
“Маднесс” өнгөрсөн хугацаанд ердөө гурван цомог гаргасан. Анхны цомгоо 2003 онд, нөгөө хоёрыг нь 2011, 2015 онд. Сайхнаа ба залуу хөгжимчид сүүлд гаргасан хоёр цомгоосоо түүвэрлэн дуулаад, төрсөн өдөрт уригдсан хоёр уран бүтээлчийг урилаа.
Урилгаар тайзнаа “Нисванис” хамтлаг, дуучин Daisy нар дуулав. Тэд “Маднесс”-ийн хувьд чухал хүмүүс. “Маднесс”-ийн хөгжимчид “Нисванис” хамтлагт нэг үе тоглодог байсан бол дуучин Daisy-г “Маднесс” хамтлаг гаргаж ирсэн юм.
Харин тоглолтын оргил хэсгийг “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа тайзнаа зарласан. Тэрээр 20 жилийн ойгоор Оросоос нисч ирсэн бөмбөрчин А.Вадим, Японоос зорин ирсэн соло гитарчин Фукихама, Хятадаас ирсэн соль гитарчин Б.Тамираа нарыг тайзнаа урин гаргав. Мэдээж тэдэн дээр соль гитарчин Ганг, басс гитарчин Б.Гэрэлтнаран, хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан нар нэмэгдэн яг анхны бүрэлдхүүнээрээ тайзнаа гарч ирсэн зочдыг огшоосон юм.
Хар хослолоор гоёсон дэгжин эрчүүд энэ үдшийн уур амьсгалын халуухан бүүр халуун болгож хэн хүний сэтгэлийн хөдөлгөн цаг хугацаа харвах сум шиг л нисэн одсон.
Тэд тоглож бүгдийг бишрүүлсэн.
Хайрын дуу аялан чамтай зугаалах Миний хотын гудамж Зөөлөн салхиар намайг илээд Дандаа аз жаргалтай алхана....
“Хотын гудамж” бол тэднийг нээсэн дуу. 1997 онд хамтлагтай нь зэрэг мэндэлсэн бүтээл. Хорин жил хотын залуусын сэтгэлийг хөглөсөн эгшиглэсээр байгаа хит уран бүтээл.
Түүний араас удаан хүлээн Сайхнааг харсан цагаасаа л фенүүд гь тайзнаас нэхсэн “Дурсамж бүсгүй”
"Хайрлуулахсан гээд чадаагүй Тэврүүлэхсэн гээд тэнцээгүй Гэгээхэн зүүд рүү хөтөлсөн Ариухан гоо бүсгүй Намайг шатаах гэж илгээсэн Чамайг харамсан үгүйлнээ Бодол ээдүүлэн дурсана чамайг Богинохон дурсамж бүсгүй... Болор жүнзийг харшуулах Хайраар дүүрэн чиний хурим Согтох эрхгүй миний сэтгэл Солиорсон дурлал унтарсаан Намайг шатаах гэж илгээсэн Чамайг харамсан үгүйлнээ Бодол ээдүүлэн дурсана чамайг Богинохон дурсамж бүсгүй..."
“Хүсэл бодол”, “Дурсамж бүсгүй”, “Зочин”, “Нэг өдөр”, “Дурлалын өглөө”, “Захидал”, “Хос зүрх” гээд хит дуунууд ар араасаа эгшиглэнэ.
“Дурлалын өглөө”, “Андууд”... тоглолт дууссаныг зарлахад бараг л чихэндээ итгээгүй шүү. Гурван цаг гаруйн тоглолт дэндүү хурдан, дэндүү богинохон мэт санагдсан нь уулзаагүй удсандаа л тэднийг удаан үүр удаан сонсох гэж шунасных биз.
20 жилийн үнэ цэнийг мэдрүүлсэн “Андууд”-ын дуу одоо ч чихэнд дуурссаар.