
16-хан насандаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Хунт нуур” балетд гоцлон бүжиглэж, урлагийн карьераа эхлүүлж байсан балетын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Отгонбямбын Ганцоож гаднын тайзнаа гоцлон бүжихээр болжээ. Тэрээр БНСУ-ын хамгийн нэр хүндтэй балетын шилдэг хоёр компаний нэг болох “Универсаль балет”-д тэргүүн гоцлол бүжигчнээр ирэх сараас эхлэн ажиллах нь ээ.

Түүнээс энэ талаар утсаар тодруулахад “Энэ сарын 4 гэхэд БНСУ-д очиж, гуравдугаар сард “Универсаль балет” компанийн “Жизель”-д, дараа нь “Дон Кихот”-д гоцлоно. Эхний ээлжинд ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл гэрээ хийгдсэн” гэв. УДЭТ-ын тайзыг орхиж буй шийдвэрийнхээ талаар “Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-руу явахаасаа өмнө захиралтай гэрээнийхээ талаар ярилцсан юм. Гэтэл “Эхнэр хоёр хүүхэд чинь Монголд байгаа учраас чи угаасаа гадаадын театрт ажиллахгүй. Чамтай энгийн гэрээ хийнэ” гэж миний карьер дуусчихсан мэтээр хандсан. Үүнд сэтгэл дундуур байсан учир БНСУ-д тоглож ирчихээд ямар ч байсан гэрээ байгуулалгүй, гадаадад хар ажил ч болох нь ээ олж хийнэ гэсэн бодолтой байсан. Аз болж “Универсал балет”-д ажиллах боломж тохиолоо” хэмээн ярьсан.
Түүний гэргий М.Мөнхтуяа балетын бүжигчин бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажилладаг юм.

О.Ганцоож 2006 онд Д.Дашлхагва багшийн удирдлага дор ХБК-ийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөн ДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажиллажээ. Тэрээр П.И.Чайковский “Хунт нуур”-ын Хан хүү, “Нойрссон гүнж”-ийн Дезире, “Щелкунчик”-ын Принц, Л.Минкус “Дон кихот” Базиль, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”-ын Нурали, Вацлав, А.Адан “Жизель”-ын Алберт, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”-н Юндэн, Э.Чойдог “Чойжид дагина”-ы гол дүр, Ж.Чулуун “Уран Хас”-ын Хас , А.Хачатурян “Спартак”-ын Спартак, Н.Римский-Корсаков “Щехерезада”-гын цэргийн тэргүүн, С.Прокофьев "Ромео Жульетта"-ын Лоренцо ламтан гээд театрын тайзнаа тавигдсан бүхий л балетын гол дүрийг чадварлагаар бүтээсэн.

Мөн тэрээр 2009 Английн хатан хааны коллежийн төгсөх курст урилгаар суралцаж, балетын жүжигчин мэргэжлээр төгссөн юм. Монголын балетын хан хүү гэгддэг О.Ганцоож, эх орныхоо тайзнаа Английн Үндэсний Балетын гоцлол бүжигчин Лорета Самерскэйлстэй хамтран дэлхийн алдарт “Жизель” балетд гоцлож байлаа. Түүнчлэн зөвхөн мэргэжлийн сонгодог уран бүтээл гэлтгүй балетын гоцлол бүжигчдийнхээ хамт Хьюго Виэра "Диваажин энд байна" модерн балетад тоглож байсан гээд түүний уран бүтээл ар араасаа хөвөрнө.

Монголын шилдэг гоцлол бүжигчдийн нэг нүүр царай болсон түүний амжилтыг үнэлж, 2010, 2011 оны ДБЭТ-ын шилдэг уран бүтээлч, 2010 “Мөнгөн мод” шагнал, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байв.

Өнгөрсөн зургаадугаар сард Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид БНСУ-д болсон олон улсын балетын "А" зэрэглэлийн “Korea International Ballet Competition” уралдаанд амжилттай оролцон гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом хүртсэн. Үүний зэрэгцээ О.Ганцоож эрэгтэй бүжигчдийн хувьд хамгийн хэцүүд тооцогддог хоёр ч трюкийг маш сайн үзүүлж, агаарт гурван удаа эргэсэн үзүүлбэрийг шүүгч нар өндрөөр үнэлсэн удаатай.
Түүний хүртсэн гурван тусгай шагналын нэг нь БНСУ-ын балетын холбооных юм. Энэ нь тус тэмцээнд оролцогчдын авахыг хүсдэг хамгийн том шагналын нэг байсан гэдэг.

Тэд ийнхүү амжилт гаргаснаараа дараагийн уралдааныхаа эрхийг буюу Шанхайн олон улсын балетын тэмцээний урилга авч чадсан юм. Тэгвэл тэрхүү урилгаараа тэрээр өнгөрсөн наймдугаар сард зохиогдсон Шанхай Олон Улсын Балетын 5 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон “Шилдэг хос бүжигчид” буюу “Best Pas de duex Award” шагналыг хүртсэн билээ.

Балетын гоцлол бүжигчин О.Ганцоожийг 2016 онд олон улсын тэмцээн уралдаанд удаа дараалан оролцож амжилт бүтээлээр дүүрэн байсныг нь өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасан юм.

Монголын сонгодог урлагийн “Хан хүү” ийнхүү дэлхийн тайзнаа гарлаа.

















