
-Дархан-Уул аймаг Монгол Улсын загвар хот болох зорилт тавьжээ-
“Дархан-Уул аймгийн эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт, зөвлөгөөн” энэ сарын 27-нд Дархан хотноо боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд, Дарханы ус, дулаан, цахилгаан хангамжийн Төрийн өмчит сүлжээ компаниудын төлөөлөл болон тус хотын удирдлагууд оролцсон юм.

Энэхүү зөвлөгөөнийг тус аймгийн Засаг дарга С.Насанбат нээж үг хэлсэн. Тэрээр "Манай аймаг хоёр дахь 50 жилийнхээ гарааны эхэнд явж байна. Хотын амин судас болсон эрчим хүч, инженерийн шугам сүлжээний байгууламжууд он удаан жил ашиглагдсан, насжилт ихтэйн улмаас тоноглолтын ашиглалтын хугацаа дууссан зэрэг хүндэртэй асуудал үүсээд байна. Тиймээс инженерийн байгууламжид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийх шаардлага байна. Энэ ажлыг эхлүүлэх хамгийн чухал асуудал бол санхүүгийн эх үүсвэр юм. Бид өнөөдөр хөрөнгө санхүүг хэрхэн босгох, хэн ямар үүрэгтэй оролцож, цаашид салбар яамны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай талаар зөвлөлдөж байна” хэмээн зөвлөгөөний зорилгыг онцоллоо.
Зөвлөгөөний дараа Дархан-Уул аймгийн ус, дулаан хангамж, эрчим хүчний компаниудын үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцсан юм.
-Дархан дулааны цахилгаан станцын насжилт хэтэрчээ-
Дархан-Уул аймаг 110 гаруй мянган хүн амтайгаас 98 мянга орчим нь Дархан хотын төвд амьдардаг аж. Сүүлийн жилүүдэд эдгээр хүн амыг цэвэр ус, дулаанаар хангадаг инженерийн шугам сүлжээ хуучран эвдэрч, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тухайлбал, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨСК нь 52 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд тус станцын технологи, тоноглол элэгдэж, ихэнх нь музейн үзмэр болтлоо хуучирсан байна. Шинэ дэвшилтэт технологи бүхий орчинд автоматжуулсан системээр ажиллах ёстой уг дулааны станц өдгөө 460 хүний хүчээр, гар ажиллагаагаар ажиллаж байгааг тус станцын гүйцэтгэх захирал Н.Чимэддорж онцолж байлаа.

2006 оноос тус станцад өргөтгөл, шинэчлэл хийх шаардлага үүсч эхэлсэн байна. Ингээд 2011 оноос засварын ажил хийж эхэлсэн ч тоноглолууд нь нэгэнт үеэ илээсэн учраас бүрэн шинэчлэхээс өөр аргагүй гэнэ.
Тиймээс цаашид Монгол Улсын хоёр дахь том хот гэгддэг Дарханд цахилгаан, дулааны хоёрдогч эх үүсвэр байгуулах шаардлага үүсчээ. Энэ ажил одоогоор судалгааны түвшинд яригдаж байгаа ба 2020 онд гэхэд ашиглалтад орж магадгүй гэх тооцоолол байна.
Түүнчлэн Дархан-Уул аймаг улсдаа жишиг болохуйц олон ажлыг эрчим хүч, усан хангамжийн салбартаа нэвтрүүлжээ. “Дархан Ус суваг” компани л гэхэд улсын алдагдлыг зайнаас хэмжих багаж ашиглаж эхэлснээс гадна айл өрхийн усны тоолуурыг зоорийн давхарт нь байрлуулснаар 38 хувьд хүрээд байсан цэвэр усны алдагдлыг 18 хувь болгон бууруулж чаджээ. Мөн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2011 онд Усан хангамжийн насос тоног төхөөрөмжийн 75 хувьд шинэчлэл хийгдсэн байна.

Тус компани энэ оноос дахин шинэ үйлчилгээ, технологи нэвтрүүлэхээр судалж байгаа аж. Манай улсад хлоржуулах байгууламжууд нь шингэн хлор ашигладаг. Энэ нь үнэ өртөг өндөр, тэсэрч дэлбэрэх, хлор алдагдах аюултай байдаг гэнэ. Тэгвэл дарханчууд хоолны давснаас хлор гаргах технологийг нэвтрүүлэх ажилдаа оржээ. Энэ ажил 2017 ондоо багтан бүрэн нэвтэрнэ гэдгийг “Дархан-Ус суваг” ХК-ийн захирал П.Ариундалай хэлсэн юм.
-17 мянган хэрэглэгч ухаалаг тоолуур ашиглаж байна-
Бас нэг томоохон дэвшил нь гэр хорооллын өрхүүд ухаалаг худгаар үйлчлүүлж эхэлсэн байна. Одоогоор хоёр ухаалаг худаг туршилтаар ажиллаж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ усны зохистой хэрэглээг бий болгох үүднээс ухаалаг усны тоолуурыг орон сууцны өрхүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Харин “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн тухайд ухаалаг цахилгааны тоолуулаараар 40 гаруй мянган хэрэглэгчээс 17 мянгыг нь хангажээ. Ингэснээр нэг өрхийн 24 цагийн хэрэглээнээс 9 цагийн цахилгааны хэрэглээг хэмнэж, том зургаар нь харвал тэрбумаар яригдах хэмнэлтийг хийсэн гэдгийг “Дархан Сэлэнгийн компанийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал Г.Ариунбаяр ярьсан юм.
Ингэж эрчим хүч, усан хангамжийг ухаалаг хэрэглээнд шилжүүлж, дулаан дамжуулалтыг автоматжуулж гэмээнь хэрэглэгчдэд болоод улсад хэмнэлт авч ирнэ гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолж байв.
-Монгол Улсын анхны “Нарны цахилгаан станц” эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ-

Тэгвэл дээрх байгууламжуудаас гадна Монгол Улсын хоёр дахь нийслэл гэгддэг Дархан хотод манай улсдаа анхны гэх тодотголтой дэд бүтцийн томоохон байгууламж, эрчим хүчний станц бий.
Энэ нь 2017 нэгдүгээр сарын 01-нээс ашиглалтад орсон 10 мвт-ын нарны цахилгаан станц. Байгуулагдаад удаагүй ч 20 хоногийн хугацаанд 918 мянган квт эрчим хүч үйлдвэрлэж, төвийн станцад нийлүүлээд байгаа ажээ.
Өвлийн сар ялангуяа 12, 1 сард эрчим хүч хамгийн бага үйлдвэрлэдэг бол 4-5 хамгийн их эрчим хүч үйлдвэрлэдэг. Жилд 15.2 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Нүүрсээр зүйрлэвэл жилд 400 тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн үг. Ингэснээр дарханчууд жилд 2.6 сая ам.долларын орлого олох боломжтой болсон тухай “Нарны цахилгаан станц”-ын захирал Б.Мандалбаяр тодотгож байв. Тэрээр "Монгол Улс нүүрсээрээ хөрөнгө оруулах биш нутагтаа нар салхины станцаа барьж БНХАУ руу экспортод гаргах хэрэгтэй. БНХАУ жилд нэг гегаватт цахилгаан импортлодог. Тайвань 2020 он гэхэд 20 гегаватыг зөвхөн нарны эрчим хүчээр гаргана гэж тооцсон. Энэ нь Монгол Улсын экспортод гаргах бараа нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан байх ёстойг харуулж байгаа юм. Үүний эхлэл рүү бид явж байгаа гэж ойлгож байна" хэмээн Монгол Улс цаашид нүүрсээ бус цахилгаанаа гадагш худалдаж мөнгө олох боломж бүрдсэн гэдгийг онцолсон юм.

Уг станц нь 25 жилийн хугацаанд элэгдэл, эвдрэлгүй ажиллах баталгаат хугацаатай ба 12 жилийн хугацаанд зардлаа нөхдөг аж. Нийт 32 мянга 274 ширхэг нарны зайнаас бүрдсэн бөгөөд нэг зай нь 157 долларын өртөгтэй гэнэ.
Ийн Монгол Улс анх удаа нарны эрчим хүчээ ашиглаж цахилгаан үйлдвэрлэх түүхэн ажлын эхлэлийг Дархан-Уул аймагт тавиад байна. Тус станцыг Монголын “Солар Повер интернэшнл”, Япон улсын “Шарп” корпораци, “Шигэмицү Шожи” компани хамтран 17.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулжээ.
Тэрчлэн Дархан-Уул аймагт /2015-2019 он/ түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Төв цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөгдсөн аж. Хэрэв энэхүү байгууламж ашиглалтад орвол Дархан-Уул аймагт тулгамдаад буй томоохон асуудал шийдэгдэж, загвар хот болох зорилт биелэх юм байна. Тус аймгийн удирдлагуудын хувьд иргэдийн амин хэрэгцээ болсон ус, дулаан, эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдсэнээр дарханчуудын эрүүл таатай амьдралын орчин бүрдэж, цаашдын хотын хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой гэж үзжээ.

