
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар болон Онцгой байдлын ерөнхий газраас 2017 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, хүйтрэх талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэл хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодруулга авлаа.
-Ойрын өдрүүдэд цаг агаарт огцом өөрчлөлт гарна гэж та бүхэн мэдээллээ. Ямар өөрчлөлт гарах төлөвтэй байгаа вэ?
-Ойрын өдрүүдэд цаг агаарт огцом өөрчлөлт орох гэж байгаа тул ард иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү мэдээллийг хийж байна. Сибирээс шилжин ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орно.
Өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Салхи секундэд 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүрч ширүүсэх төлөвтэй байна.
-Ойрын өдрүүдэд нэлээд дулаан байлаа. Маргаашнаас агаарын температурт өөрчлөлт орох уу?.
-Агаарын температур энэ сарын 30-ныг хүртэл өмнөх хоногуудаас 10 орчим градусаар чангарч, шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голуудын хөндийгөөр -35...-43 градус, бусад нутгаар -19...-34 градус хүрч хүйтэрнэ.
Улаанбаатар хотод өнөө шөнө цас орж, шуурч хононо. Маргааш өдөртөө 20-22 градус хүйтэн байна. Иймд, маргааш утааны эсрэг жагсаалд очих хүмүүс дулаан хувцаслаарай.
-Нэгдүгээр сарын 30-наас цаг агаар хэвийн болох уу?
-Тийм. Цас орохгүй, шуурахгүй. Гэхдээ хүйтний эрч буурахгүй.
- Ж.Дамдинсүрэн: Нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд холын замд гарахгүй байх нь зүйтэй-

Харин ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ж.Дамдинсүрэн:
-“Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах,
-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангах,
-Хүчтэй салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд сураггүй болох, төөрөх зэрэг тохиолдол гардаг.
Иймд, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл аваарай” хэмээв.
Түүнчлэн хүчтэй салхи шуургатай гэсэн анхааруулга мэдээлэл тараасаар байтал иргэд холын замд бэлтгэлгүй гарч, саатах асуудал гардаг гэдгийг ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ж.Дамдинсүрэн хэлсэн юм. Тиймээс нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд аль болох холын замд гарахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.