
“Царцаа Намжил” хүүхдийн жүжиг ирэх сарын 5-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилна. Тус жүжиг нь БСШУСЯ-ны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаанд шалгарсан бөгөөд зохиолч Я.Баяраа, Б.Хишигзаяа нар Монгол ардын үлгэр “Царцаа Намжил”-аас сэдэвлэн зохиолыг бичжээ. Энэхүү жүжгийн Царцаа Намжилд жүжигчин Б.Золжаргал, номын багшид Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Эрлэг Номун хаанд Ардын жүжигчин П.Цэрэндагва, хатанд гавьяат жүжигчин Ж.Оюундарь болон театрын бусад жүжигчид тогложээ. Харин найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяа, ерөнхий зураачаар Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Б.Цацрал, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ган-Очир нар ажиллаж байгаа аж.
Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж, үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж, өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор тус театрын хамт олон урын сангаа энэхүү бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгохоор зорин ажиллаж байгаа юм байна.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс ч өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин явдлын талаар УДЭТ-ын тайзнаас тольдоорой.