Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өнөөдөр ажлын цаг дууссаны дараа ирж байцаалт өг хэмээн АТГ-аас дуудсан байна. Тодруулбал, 19.00 цагт түүнийг АТГ-ын байранд ирж мэдүүлэг өг хэмээн дууджээ. Түүнийг ийнхүү АТГ-т мэдүүлэг өгч байхад АТГ-ын гадаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирсэн. Тэрээр “Намайг дотогш оруулсангүй. Хэдийгээр бид өрсөлдөж байгаа ч би намын нөхөр, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргын хувьд юу болж байгааг мэдэхээр ирсэн. Гэтэл намайг дотогш оруулахгүй байна. Сая АТГ-ын даргатай утсаар ярьсан, одоо оруулах байх” хэмээн ярьсан юм.

Мөн тэрээр "АН-ын даргын сонгууль гуравхан хоногийн дараа болох гэж байхад нэг нэр дэвшигчийг нь барьж, хорьж болохгүй. АН-ын даргын сонгуульд хууль, хүчний байгууллагууд хүндэтгэлтэй хандах ёстой. Хэрэв нэг нэр дэвшигчээ хуулийн байгууллагаар хорьж, цагдуулчихаад өөрөө ялна гэж тооцсон хүн байгаа бол шударга өрсөлдөх ёстой гэж хэлмээр байна" гэсэн юм. Түүнийг ийнхүү АТГ-ын хашааны гадаа ярилцлага өгсний дараа төд удалгүй  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын гадаа гарч ирэн олон нийтэд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Намайг өнөөдөр 19.00 цагт АТГ-т ир гэсэн, би ирсэн. Өмгөөлөгчтэйгөө байцаалтад орлоо. Юу болж байгааг та нар угаасаа мэдэж байгаа шүү дээ. АН-ын Их хурал болохын өмнөхөн, эсвэл АН-ын даргын сунгаа чинь гурав хоногийн дараа болно шүү дээ. Дүнгээ гаргана. Тэрний өмнө ингэж дуудагддаг л ажилтай болчихоод байгаа юм. Би Монголын төрд их олон жил зүтгэж байна. Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлчих юмсан, бүтээн байгуулалт хийчих юмсан гэж зүтгэж ажиллаж байсан. Хувийн ашиг сонирхлоор нэг ширхэг ч юм хийгээгүй. АН-ын дарга нь Алтанхуяг болчихож магадгүй гээд нөгөө бүлэглэл чинь санаа нь зовоод өнөөдөр шөнө болсон хойно дуудаж байгаа юм байлгүй дээ" гэв.

Мөн тэрээр "Танаас ямар байцаалт авав" гэсэн сэтгүүлчийн асуултад "Юу болох вэ дээ. Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нь нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж бодож байна. Ер нь Элбэгдорж, М.Энхболд хоёр нийлээд сунгааны өмнө намайг яллагдагч болгоно гэсэн төлөвлөгөөтэй байсан гэнэ лээ. Намайг сая хөдөө явж байхад хүмүүс асуусан л даа. Таныг намын даргын сонгуулийн өмнө яллагдагч болгоно, эсвэл гарсных нь дараа шоронд хийнэ гээд байх юм гэж. Иймэрхүү мэдээлэл сайн тараадаг юм шиг байна лээ. Ер нь бол надад хийсэн янз бүрийн хэрэг байхгүй ээ. Энэ бүлэглэлийн эсрэг би үхэн үхтлээ тэмцэнэ. Монголын хамаг баялгийг сорчилж идэж байгаа бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ. Ард түмэн намайг дэмжинэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна" гэлээ.