“Ийгл ньюс” телевизийн “Гол өнцөг” нэвтрүүлэгт Монгол Улсын Гавьяат тамирчин, уулсын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа уригдан оролцлоо. Тэрээр долоо дахь ноён оргилдоо төрийн далбаагаа мандуулаад ирсэн билээ. Уулчин Б.Гангаамаа нь хамгийн сүүлд буюу 2017 оны босгон дээр далайн  түвшнээс дээш 4708 метр өндөрт байрлах Антарктид тивийн ноён оргилыг эзэлж долоон тивийн ноён оргилд гарсан монголын анхны эмэгтэй уулчин болсон. Гавьяат  тамирчин, ОУХМ, уулчин Б.Гангаамаатай сэтгүүлч Б.Хишигнарангийн хийсэн ярилцлагыг хүргэе.

-Миний сураагүй, мэдээгүй бүхнийг тэр уул бүхэн зааж өгдөг-

-Та нэгэн ярилцлагадаа “Уул бүхэн миний багш” гэж онцлон хэлсэн байсан. Энэ үгээр ярилцлагаа эхлэе?

-Тийм ээ. “Уул бүхэн миний багш” гэж хэлж байгаа гол зорилго маань мэдээж явж байгаа уул, авиралт бүрээсээ би маш их зүйлийг сурч ирдэг. Миний сураагүй, мэдээгүй бүхнийг тэр уул бүхэн зааж өгдөг болохоор би энэ л үгсийг байнга хэлдэг.

-Авиралтуудаа хэр их ачаатай явдаг вэ. Нэмэлт хүчил төрөгч гээд ачаа их байдаг болов уу?

-Ачааны хувьд янз бүр. Жишээ нь ямар ууланд ямар хэлбэрээр авирахаас шалтгаалаад их, бага ачаа орно. Хүчилтөрөгчийг зөвхөн хүчилтөрөгчтэй авирдаг ууланд л авч явна. Түүнээс биш 5000-7000 ууланд авирах гэж байгаа бол хүчилтөрөгч авч явахгүй. Аюулгүй байдлын үүднээс хүчилтөрөгч байдаг. Магадгүй хэн нэгэн хүн бие нь муудахад хэрэглэх зорилгоор. Түүнээс биш авирагч болгонд зориулаагүй. Хүчилтөрөгчийн хувьд 8000-тай ууланд авирахад зориулагдсан гэж би боддог. Зарим 8000-тай ууланд хүчилтөрөгчгүй авирдаг уулчид ч бий. Тухайн хүний биеийн байдал бол хэр аюулгүй байдлаа хангах вэ гэдгээс үүдэн хүчилтөрөгчийг нөөцөлдөг.

-Уулчдын богцонд оргил руу авирахад юу багтдаг бол оо?

-Оргил руу авирахад үүргэвчинд их цөөхөн юм л байх ёстой. Оргил дээр очоод хонож, өнжихгүй учраас шаардлагагүй ачаа бага л байх хэрэгтэй. Мэдээж нэг литр  орчим халуун савтай цай, халуун ус байна. Дээр нь зургийн аппарат, оргил дээр барих зүйл буюу бидний хувьд дандаа төрийн далбаа маань байдаг. Нэмэлтээр нөөцийн бээлий, цасны шил байж болно. Түүнээс өөр олон зүйлс байх шаардлагагүй.

-Ууланд авирах, буух аль аль нь хэцүү-

-Уул руу авиралт хийхэд өгсөх, уруудах хоёрын аль нь хэцүү вэ?

-Аль аль нь. Хүмүүс авирах нь амархан буух нь хэцүү юм шиг яриад байдаг. Гэхдээ тийм биш. Хүмүүс яагаад буух нь хэцүү гэж яриад байгаа юм гэхээр авирахдаа өөрийнхөө бүх хүч чадлыг зарцуулаад ядарчхаад буудаг учраас тэрхүү буулт нь хэцүү болсон юм шиг санагддаг. Тэр оргилд гарахын төлөө бүх нөөцөө зарцуулж зүтгэж байгаа учраас буух нь бол сонин биш. Түүнийгээ мартчихдаг. Би гарах л ёстой гэсэн ганц зорилго тавин бүх хүчээ дайчилдаг. Тэгээд буухад жаахан ядарчихсан, сэтгэл санаа тайвширчихсан байдаг болохоор хөл алдах гэх мэт зүйлс гардаг. Тиймээс л буухдаа хүмүүс их эрстсэн байдаг. Магадгүй үүнийг сонссон, үзсэн  хүмүүс тэгж ярьдаг юм шиг байгаа юм. Ууланд авирах, буух аль аль нь хэцүү.

-Би ууланд авирагчдыг “Эверест” киногоор төсөөлдөг. Таны амьдралд хүнд хэцүү, мартагдахааргүй эрсдэлтэй  үе тохиолдож байх уу?

-Хүнд хэцүү мартагдахааргүй эрсдэл надад биш надтай хамт авирч байсан хүмүүст таарч байсан. Монголын ууланд таарч, нэгнийгээ алдаж байсан. Гадаадын ууланд ч уулчид амиа алдаж байсан. Тэр бүх тохиолдол хүнд байдаг. Хүн бол ууланд авирч байхад ядрах, даарах, цуцах бол зовлон биш. Тийм зүйл тохиолдоно гэдгийг мэдсээр байж явж байгаа шүү дээ. Харин хамт явж байгаа нэг нь амь насаа алдахад тэднийхээ төлөө юу ч  хийж чадахгүй тэндээ үлдээх бол хүнд байдаг.

-Уул намайг татан ажлаа өгсөн-

-Таны эзэмшсэн мэргэжил бол микробиологич юм билээ. Мэргэжлээрээ олон жил ажилласан ч яаж яваад уулчин болсон юм бэ?

-Би микробиологич мэргэжлээрээ төгсөөд мэргэжлийн хяналтын албанд 7 жил орчим ажилласан. Гэхдээ 1989 оноос Завханд байхаасаа эхлээд уулын спортод татагдан анх Отгонтэнгэрт авиралт хийж байсан. Дундуур нь мэргэжил эзэмшин ажиллаж байсан  ч уул намайг татан энэ чиглэлийг илүү сонирхон ажлаа өгсөн. Би чинь ууланд авиралт хийн тамирчин гэдэг амьдралаар л амьдарч байгаа. Түүнээс гадна би талхны мөнгөө олох хэрэгтэй учраас аялал жуулчлалын салбарт ажиллаж эхэлсэн. Аялал жуулчлалын салбар маань уултай их ойр холбоотой ажил байдаг. Би хөдөөний байгальд ойр хүүхэд байсан учраас тэр л уулын спортод  ороход нөлөөлсөн.

-Анхны авиралтаа эргэн дурсвал?

-1989 онд Отгонтэнгэр хайрханд анх авирч байсан. Тухайн үед хөдөөний хүүхэд хотын уулчидтай хамтран Мишигбат ахыгаа уул руу явах уу гэхээр нь юуг мэдэхгүй Найдан гэж хүн дээр очоод би хамт явъя гээд “Чи чадах уу” гэхэд “Чадна” гэж толгойгоо илж зогсож байгаад машин дээр нь сууж анхны авиралтаа хийж байсан. Түүнээс хойш 26 жил уулын спорттой амьдралаа холбоод байна.

-Дараагийн төлөвлөсөн ажлаа ирэх жил эхлүүлнэ-

-Та хамгийн сүүлд долоо дахь ноён оргил дээрээ төрийн далбаагаа мандуулж нэрээ мөнхөлсөн. Амжилтынхаа талаараа хуваалцахгүй юу?

-Уулын спортод хөл тавьсан эхний 10-аад жилд бичиг үсэг тайлагдана гэдэг шиг өнгөрсөн. Дараагийн 10-аад жилд нь ерөнхийдөө энэ спортоор амжилттай хичээллэхийн төлөө зүтгэсэн. Сүүлийн 7 жил амжилтуудаа гарган дэлхийн долоон тивийн ноён оргил гэж ярьдаг “Seven Summiter” амжилтыг гаргасан. 2010 онд дэлхийн долоон ноён оргилын анхны ноён оргил Эльбрус дээр хөл тавьсан. 2011 онд Ази тивийн болон дэлхийн ноён оргил Эверестэд, 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжарод хөл тавьж байсан. 2013 онд би өөртөө том зорилго тавин Каракурум явсан. Дэлхийн хамгийн хүнд уул K2 уул руу яван завсарласан. Учир нь хамт явж байсан уулчид маань нас баран би багтаа туслах зорилгоор авиралтаа цуцалж байсан. 2014 онд дараагийн ноён оргил Денали руу яван соло авиралт хийсэн. Деналид соло авиралт бол маш хүнд авиралтад тооцогддог. Тухайн үед цаг агаар муудаад оргилд гарч чадалгүй “High Camp”-ээсээ хоёр удаа буцсан. 2015 онд дахин Хойд Америкийн ноён оргил Деналид авиран оргил дээр нь хөл тавьснаар дэлхийн дөрвөн оргилд гарсан. 2016 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуагийн ноён оргилд амжилттай авиралт хийн түүнээсээ шулуудан Австрали ба далайн ноён оргил Карстенз пирамид, Австрали тивийн Кисиушко уулын оргил, Антарктид тивийн ноён оргил Винсон Массифид хөл тавьж, 2016 ондоо багтаад  долоон долоон тивийн ноён оргилоо гүйцээгээд монголын анхны “The first Mongolian Seven Summiter” болсон.

-Та “Seven Summiter” болчихлоо. Гэхдээ уулчид өөр өөр замаар дахин авиралт хийдэг. Таны хувьд?

-Би дахин гарахгүй байх. Яагаад гэвэл энэ авиралтууд маш өндөр өртөгтэй. Дахин энэ их мөнгийг цуглуулан долоон авиралт хийнэ гэж би хэлж чадахгүй. Миний нэг том зорилго, зорилт маань амжилттай дууслаа. Гэхдээ надад дараагийн зорилго байна. “Seven Summiter”-аар миний амжилт дуусахгүй. Тэр зорилгынхоо төлөө хичээж зүтгэнэ. Одоо зарлахад эрт байна. Бэлтгэл ажил эхлээгүй байгаа.

-Ойролцоогоор хэзээ вэ?

-Бэлтгэл маань ирэх хавраас эхэлнэ.  Дараагийн жилээс энэ зорилгоо эхлүүлнэ. 2017 онд бүх ажлаа төлөвлөчихсөн болохоор дундуур нь завсар байхгүй.

-Зорилгынхоо төлөө шударгаар хөдөлмөрлөж амжилтад хүрч болдог юм-

-Шинэ залуу уулчиддаа хандаж юу гэж хэлж зөвлөх вэ?

-Уулчид маш урт зам туулж байж энэ амжилтад хүрч байгаа. Урт замаасаа гадна урт хугацааны хөдөлмөрийг давж туулан энэ амжилтыг хийсэн. Би ч ганцаараа биш. Миний ард байсан бүхий л хүний хөдөлмөр амжилттай биеллээ. Би айхтар хөгшин хүн биш ч гэсэн миний дараагийн үе гэж гарч ирнэ. Тиймээс залуучуудад хандаж хэлэхэд хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгвэл тэгж их хөдөлмөрлөснийхөө үр дүнг үзэх боломж байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна. Хүн зорилго, хөдөлмөрлөхгүйгээр амжилтад хүрдэггүй юм шүү.  Зорилгынхоо төлөө шударгаар хөдөлмөрлөж амжилтад хүрч болдог юм байна шүү гэж хэлмээр байна. Тууштай шударга, зоригтой, хөдөлмөрч байгаасай. Туршлага их хуримтлуулж, мэдлэгээ тэлэн ухаанаа хурцлаарай гэж хэлмээр байна.