УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, А.Ундраа, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар ажиллажээ. Ажлын хэсэг энэ хугацаанд нэг удаа, ажлын дэд хэсэг хоёр удаа хуралдаж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Байнгын хорооны хуралдаанд оруулж байгааг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.