Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзо 2022 оны долоодугаар сарын наймны өдөр улс төрийн кампанит ажлынхаа үеэр буудуулж амь насаа алдсан билээ. Тэрээр Японы түүхэнд хамгийн удаан буюу есөн жил гаруйн хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайд юм.

Абэ Шинзо агсны гэргий Абэ Аки ОХУ-д айлчилжээ. Тэрээр Оросын Ерөнхйилөгч Владимир Путинтэй өчигдөр Москва дахь Кремлийн ордны Сенатын танхимд уулзсан байна. Уулзалтын үеэр Путин түүнд цэцгийн баглаа бэлэглэжээ. Абэ Аки чухам ямар шалтгаанаар Кремльд зочилсныг албан эх сурвалжууд дурдаагүй байна.

2016 онд Ерөнхийлөгч Путиныг Японы Ямагучи мужид дээд хэмжээний уулзалтад оролцохоор айлчлах үеэр Абэ Аки нөхөр агсан Абэ Шинзогийн хамтаар Путинтэй уулзаж байжээ. Энэ удаад Оросын урилгаар Аки Москвад ирсэн гэж зарим эх сурвалж дурдсан байна.

Аки Орос бол Японы чухал түнш хөрш гэдгийг онцолсон байна. Мөн өөрөө хэдийгээр улс төрийн зүтгэлтэн биш боловч хоёр улсын хооронд соёлын солилцооны харилцаа хөгжвөл тун баяртай байхаа илэрхийлжээ.

Орос Украины эсрэг дайтаж эхэлснээс хойш Япон улс Оросын эсрэг зарим хориг тавиад байгаа юм. Аки нөхөр нь нас барахаасаа өмнө Украины дайны асуудлаар Путинтэй уулзахаар төлөвлөж байсан гэдгийг дуулгажээ.

Путин Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн үед Орос, Японы харилцаа шинэ түвшин ахиж байсныг дурдаж, түүний хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь дурсаж, хүндэтгэл үзүүлжээ. Абэ Шинзогийн мөрөөдөл бол хоёр улсын хооронд энх тайвныг тогтоох байсан гэдгийг Путин хэлжээ. Абэ Шинзог Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Путин 27 удаа биечлэн уулзсан байдаг юм.

Уулзалтын дараа Аки Москвагийн Большой театрыг зорьсон байна. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай Вашингтонд уулзсан. Трампыг сонгогдсоны дараахан уулзсан цөөн гадны төлөөлөгчдийн нэг болжээ. Уулзалтын дараа Аки хоёр орны харилцааны гүүр болж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлжээ.

Абэ Аки нь улс төрийн зүтгэлтэн биш боловч нийгэмд үзэл бодлоо нилээд чөлөөтэй илэрхийлдэг. Түүнийг Японы үе үеийн Ерөнхий сайд нарын гэргий нар дундаас цахим сүлжээнд хамгийн идэвхтэй байдаг нь гэж үздэг.

Тэрээр нийгмийн асуудлууд, нэн ялангуяа ЛГБТ ижил хүйстнүүдээ сонирхогчдыг дэмждэг байр сууриа чөлөө илэрхийлж ирсэн. Түүний үзэл бодол заримдаа Шинзогийн байр суурьтай зөрчилдөх тохиолдол их гардаг байжээ. Тэд 1987 онд гэрлэсэн бөгөөд дундаасаа хүүхэдтэй байжээ.