УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон. Үүнтэй холбоотойгоор тус намын бүлгийн дараагийн дарга хэн бэ гэсэн асуулт хариултаа нэхэж байна. Энэ асуултад хариулт өгөх хугацаа ойртсоор...

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы нээлтийн дараа буюу 11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана. АН-ын бүлгийн хурлын үеэр зайлшгүй яригдах асуудал нь бүлгийн даргаа сонгох тухай асуудал. Гэхдээ АН ойрын хугацаанд бүлгийн даргаа сонгох уу, эсвэл Улсын дээд шүүх УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэсэн шийдвэр гаргатал хүлээх үү?

Сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг бол өсөж дэвжихийг, нам дотроо байр сууриа бататгахыг, иргэд, олон нийтэд илүү ихээр танигдахыг хүссэн улстөрчид бол хамгийн "амттай" албан тушаал. Бас өөрийн гэсэн харизмтай, асуудлыг шүмжлэх гэж шүүмжилдэг бус логик сэтгэлгээ сайтай байхыг шаарддаг. Хэрүүлч хүн байх ёстой гэсэн хошигнол ч бий. Точвхондоо бол асуудлыг маш оновчтойгоор тайлбарладаг, санаагаа сайн ойлгуулж чаддаг байх нь хамгийн наад захын шаардлага.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нар ажилладаг. Тэдний хэн нэгнийг нь бүлгийн даргаар сонгох ёстой гэж үзвэл олны дэмжлэгийг хамгийн их хүлээх нь Ч.Лодойсамбуу байх магадлалтай. Тэр бол өөрийн гэсэн харизмтай улстөрч.

Мөн "Л.Гантөмөрийг бүлгийн даргаар сонгож 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсөлдүүлнэ" гэсэн таамаглал ч бий. Ямартай ч сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг чухал албан тушаалд хэнийг сонгох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бүлгийн даргын албан тушаал нь тухайн хүндээ хариуцлагаас илүү боломж олгодог албан тушаал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн шаардлага хангасан хүнд бол сонгуулийн өмнө өөрийгөө олон нийтэд илүү таниулан сурталчлах боломж. Бас 2028 оны УИХ-ын сонгуулиар намын жагсаалтаар нэр дэвшигчдийн жагсаалтад дээгүүр бичигдэх албан тушаал. Удахгүй энэхүү албан тушаалыг хэн хаших нь тодорхой болох биз ээ.