УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж дууслаа. Хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Тэгвэл дээрх хуулийн төсөлд ямар өөрчлөлт орж байгаа вэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгохтой холбоотой үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагад улсын төсвөөс олгох бөгөөд нэг тэтгэвэр авагчид ногдох үйл ажиллагааны зардлын хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоно.

Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.

Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэж заагаад байна.

Хууль санаачлагчид дээрх заалтууд хуулийн төсөлд орж батлагдвал цэргийн байгууллагад алба хаасан, ажилласан хүмүүсийн нийгмийн баталгаа илүү хангагдана хэмээн үзэж буйгаа Байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, тэтгэврийн насны 16 мянга гаруй цэргийг албан хаагч байдаг байна.