Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Тэмцээнийг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Шувтаргын шатны тэмцээнд сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцож байгаагаас 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй аж. Мөн УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн тамирчид оролцож байгаа юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, нийт найман өрөг тоглон, аваргуудаа тодруулах аж.