Хуучин цагт бол “эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь” гэдэгсэн. Одоо цагт бол хүн болгоны дотор л кино хийх хүсэл, “алаад хаясан” киноны зохиол цээжин дотор нь багтаж ядан оволздог болсон юмдаг уу даа. Кино кадрын дуранд хэсэгхэн ч болтугай өртөөгүй, киноны дуу дуулаагүй, киноны продюсер хийж үзээгүй олны танил хүн үлдээгүй цаг хойно арга ч үгүй биз. Тэр хэрээр болсон, болоогүй Монголын уран сайхны кинонууд кино театруудын дэлгэц, телевизийн сувгуудын эфирийн цаг, IPTV-ийн видео санг дүүргэж байна. Сайхан ч юм шиг… “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гэх уриа лоозон биежээд ч байгаа юм шиг... Сүүлийн үеийн Монгол киноноос үзэгч, шүүмжлэгчид хамгийн түрүүнд нэг л дутагдлыг онцлон хэлдэг. Тэр нь зохиолын асуудал. Гадны хуулбар санаа. Үгүй бол дутуу ажилласан зохиол гэж шүүмжилдэг.
Тэгвэл орчин цагийн монгол кинонд тулгараад буй энэ онгорхой зайг овжиноор ашигласан сургалтыг “Жаалхүү” фильм санаачлан ажил хэрэг болгохоор болжээ. Кино зохиолын сургалт хэмээх уг хөтөлбөр анхан болон дунд шаттай бөгөөд нэг шатны сургалтын үргэлжлэх хугацаа 15 хоног, төлбөр нь 300.000 төгрөг аж. Кино зохиолын хичээлийг “Долоон бурхан харвадаггүй”, “Улаан дөрвөлжин”, “Хүдэн”, “Шүүдэр дундуур” зэрэг кинонуудын зохиолчоор ажилласан кино найруулагч Л.Таванбаяр удирдан явуулах гэнэ. Сүүлийн үеийн монгол кино, зохиолд ихэд шүүмжлэлтэй ханддаг, сошиал ертөнцийн идэвхтэй хэрэглэгч найруулагч Л.Таванбаяр кино зохиолч болох 15 хоногийн түргэвчилсэн дамжааг хичээллүүлэхээр болж. Жолоочийн курс 45 хоног байдаг бол зохиолч болоход түүнээс гурав дахин бага хугацааг зарцуулахнээ.