
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Оюундарь, З.Нарантуяа, Б.Батзориг нарын өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Харин хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм. Тэрээр тус хуулийн төслийг УИХ дахь бүх намын төлөөллийг оролцуулж байж хэлэлцэх шаардлагатайг онцлоод түр хойшлуулах санал гаргасан ч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд АН-ын гишүүд албан ёсоор чөлөө авсан гээд түүний саналыг хүлээн авах боломжгүй гэв.
Харин өөрийнх нь гаргасан саналыг хүлээж аваагүй учир О.Баасанхүү гишүүн “Энэ хуулийн төсөлд зөвхөн зохион байгуулалтын төдий биш тогтолцооны асуудлыг хөндсөн, Үндсэн хууль зөрчсөн агуулгатай заалт байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй. Танай нам дангаараа шийд дээ” хэмээн хуралдааныг орхин гарсан юм.
Энэ үеэр Байнгын хорооны зарим гишүүн дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Д.Лүндээжанцан: -Өмнөх парламентын үед Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах явцад нэлээд сайн ажиллаж байсан. Тухайн үед миний бие санал нийлэхгүй зарим асуудалд байр сууриа илэрхийлээд явсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэр бүхий бүхий гишүүд тусад нь боловсруулаад өргөн барьчихлаа. 1993 онд энэ хуулийг баталж байхад нэлээд яриа болж байсан. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Улс төрийн нам болон Ерөнхийлөгчийн харилцааны асуудал гарч ирдэг. Тэгвэл хуулиудаа хэр барьж хуулийн төслөө боловсруулсан бэ. Тэр чигт нь өөрчилсөн зүйл байгаа юу. Миний хувь орвонгоор нь өөрчилсөн зүйл байхгүй байх гэж ойлгож байгаа. Одоогийн үйлчилж байгаа хууль, өргөн баригдсан хуулийн төслийг харьцуулж үзсэн. Нэг их өөрчлөгдөөгүй байна гэж би харж байна. Ажлын хэсэг харин түүнээс ухарч болохгүй, боловсронгуй болгох зүйлүүдийг нь хийж өгөх ёстой.
Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.
Н.Энхболд: -Хуулийн төсөл боловсруулахад Сонгуулийн ерөнхий хорооноос өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд үндэслэсэн саналуудыг оруулж ирсэн. Харин хууль санаачлагчид тэр саналуудыг тусгаад, дээр нь УИХ-д таван намын төлөөлөлтэй байх үед баталсан хуулиас тодорхой зүйлүүдийг авч гаргасан. Дордуулсан асуудал байхгүй. Нэр дэвшигчид, дэвшүүлэгчид, зохион байгуулагчид аль нэг талд давуу байдал олгох зүйл байхгүй байгаа. Сонгуулийн ерөнхий хороо аливаа сонгууль явагдсаны дараа тухайн сонгуульд мөрдөгдсөн хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлтээ УИХ-д ирүүлдэг. Үндсэн хуулийн агуулгад ч гэсэн ийм үзэл баримтлалтай байгаа.
Б.Жавхлан: -Хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжиж байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Юу гэхээр, энэ хуулийн 9.7-д “Сонгуулийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлд төрийн аудитын дээд болон орон нутгийн байгууллага хяналт тавьж, аудит хийж дүгнэлт гаргана” гэж заасан байна. Энэ заалтыг өөрчлөхгүй биз дээ. Өнгөрсөн сонгуулийг харж байхад аудитын байгууллагууд, ялангуяа орон нутгийн аудитын байгууллагууд маш сайн ажиллах шаардлагатай байдаг юм билээ. Орон нутаг чинь аймаг, сум, дүүрэг гээд задраад явчихдаг. Үүнд зөвхөн аудитын байгууллага Улаанбаатараас хяналт тавина гэдэг бол учир дутагдалтай.
Н.Энхболд: -Б.Жавхлан гишүүний хэлсэн заалт бол шинээр орсон заалт. Өмнөх хуульд зөвхөн гүйцэтгэлд нь хяналт тавина гэж байсан бол төлөвлөлт гэдгийг нэмж оруулаад бүх шатны байгууллагууд хяналт тавихаар тусгасан. Өөрөөр хэлбэл, юунд зарцуулах юм бэ гэдгийг нь төлөвлөөд, дараа нь үнэхээр зарцуулсан уу, үгүй юү гэдэг дээр хяналт тавина. Тэгэхгүй бол жишээ нь, өмнөх сонгуулиар сонгуулийг зохион байгуулахтай холбогдсон зардлаар зарим газар үндсэн хөрөнгө худалдаад авсан тохиолдол гарсан. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ чигээрээ батлагдах байх гэж бодож байна.
Энэ мэтээр гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.