МУСТА жүжигчин Г.Ундармаа УИХ-ын зарим эмэгтэй гишүүдээс ч илүү үр бүтээлтэй ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт чиглэсэн сайн үйлсийн ажил олныг хийсэн. Тухайлбал, 2014 онд жүжигчин И.Одончимэгтэй хамтран Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлж, хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн нь олны талархлыг ихэд хүлээсэн байдаг.

18 өрөө бүхий нийт 508 м2 талбайг бүрэн шинэчлэн засвар хийж тохижуулж өгсөн байна.

Тэгвэл жүжигчин бүсгүй энэ онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хэвтэж эмчлүүлэх өрөө 10, хүлээлгийн танхим,  эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглох хэсэг, халдвар хамгааллын өрөө, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор зэрэг 18 өрөө бүхий нийт 508 м2 талбайг бүрэн шинэчлэн засварлаж, тохижуулж өгсөн байна. Уг ажилд нийт 142 сая 800 гаруй мянган төгрөг зарцуулсан бөгөөд жүжигчин Г.Ундармаа 44 сая 130 мянган төгрөгийг нь хувиасаа гаргасан аж.

Тэрээр энэ тухайгаа ярихдаа "40 сая төгрөгийн үнэтэй булган шуба ганцаараа нөмөрснөөс олон хүүхдэд ая тух, аз жаргалыг нөмрүүллээ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хувьд хүүхдүүд хэвтэж эмчлүүлэх учраас гүйж харайж тоглож байхдаа тээглэхгүй буюу халтирахгүй байлгах гээд аюулгүй байдлыг нь маш сайн анхаарч хийх ёстой байлаа. Бидний гол хийх ажил шал тэгшлэх байсан. Хуучин шалан дээр дахин давхарлаж шал хийх хулдаас наах зэрэг буруу ажиллагаанаас болж коридорын шал өрөөнүүдийн шалнаас хэт өндөр түвшинтэй болж хүүхэд байтугай том хүн ч тээглэхээр болсон байсан.  Ингээд хуучин шалнуудыг хуулж бүх коридор болон өрөөнүүдийг тэгшлэхийн тулд бетон зуурмаг хэрэгтэй болж, хэд хэдэн байгууллагад хандсан. Харин "ПРЕМИУМ КОНКРИТ" ХХК-ийн хамт олон 52,5м3 талбайн 7 сая 875 мянган төгрөгийн бетон зуурмагийг үнэ төлбөргүй, түргэн шуурхай нийлүүлж эмнэлгийн шалны ажилд тусалсан юм. Одоо Хүүхдийн тасгийн бүх өрөөний шал тэгшхэн болсон. Дэмжиж хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа" хэмээв.

Энэ удаагийн хүүхдийн тасаг тохижуулах ажилд "Орчлон" сургуулийн 11б ангийн хүүхдүүд багшийнхаа хамт засварын ажилд нь тусалж, цэвэрлэгээ хийж өгсөн байна.

Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслөө 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийнхөө хүрээнд тэрээр Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн өрөө, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн танхимуудыг тус тус тохижуулсан юм. Түүний энэхүү сайн үйлсийг нь Эрүүл мэндийн яамнаас үнэлж, саяхан "2016 оны Эрүүл мэндийн тэргүүний ажилтан"-аар шалгаруулсан билээ.