Монголын ард түмний дунд “Хүүхдийн дууны Долгор” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин, дуучин М.Долгорт нийслэлийн Засаг дарга С.Батболд байрны түлхүүр гардуулан өглөө. Тэрээр монголын урлагт 70 жил зүтгэхдээ 60 жилд нь зөвхөн хүүхдийн дуу дуулжээ. Ингэхдээ хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, төрийн соёрхолт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүүхэд бүрийн дуртай олон сайхан дууг үзэгчдийн хүртээл болгосон явдлыг нь өндрөөр үнэлсэн явдал аж.
Гавьяат жүжигчин М.Долгор “Дүн өвлийн хүйтнээр тохилог сайхан байртай болсондоо баяртай байна. Би Чингэлтэй дүүрэгт үр хүүхэд, ач зээ нартайгаа олуулаа амьдардаг. Монголын урлагт 70 жил зүтгэснийг минь үнэлж, байр өгсөнд баярлалаа. Хэдий нас минь өндөр гарсан ч уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ бэлэг барьсаар байх болно” хэмээн ярьлаа.
Дашрамд дурьдахад, тэрээр “Маамуу нааш ир” дууг анх 29 настайдаа дуулж байсан бөгөөд 60 жилийн хугацаанд гурван мянга гаруй удаа тайзан дээр гарч дуулжээ. Мөн 1975 онд “Таван өнгийн цэцэг” хэмээх анхны хүүхдэд зориулсан тоглолтоо хийж байсан бол түүнээс хойш хоёр мянган удаа хүүхдэд зориулж тоглолт хийсэн байна.