Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар нийтэд хүргэж буй “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нараас гадна тэргүүлэх зэргийн эрдэмтэд судлаачдын төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд “Монголын нууц товчооны каталоги” сэдэвт төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” хэмээх энэхүү бүтээлийг хэвлүүлжээ. Номын тайлбарыг кирил, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, зарим бүтээлийн галиг, хөрвүүлэг, орчуулгын онцлогийг тодорхой харуулах үүднээс “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлийг үлгэр болгон хавсаргажээ. Мөн уг сурвалж бичгийн холбогдолтой марк, тэмдгийг шигтгэн оруулсан байна.

Харин “Монголын түүхийн цахим тайлбар толь” нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч булан бүрээс тус толийн толгой үгийг бүтээх боломжтойгоороо онцлогтой ажээ. Тус түүхийн тольд нийтдээ 2000 гаруй гэрэл зураг, түүхийн баримт, эх сурвалжийг багтаасан бөгөөд 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших эх сурвалж, ном, өгүүлэлийн нэрсийг бас багтаажээ. Уг төсөл нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнд түшиглэн тасралтгүй үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 5000 толгой үгийг бүтээхээр зорьж байгаа юм.