
Хүчтэний өлгий Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тэртээ 20 жилийн өмнө улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн санаачлагаар “Бөх-Эрдэнэ” нэртэйгээр дэвжээг анхлан байгуулсан түүхтэй билээ. Тус аймгаас улсын цолтой нийт 125 бөх төрөн гарсан бөгөөд улсын аварга тав, арслан 14, гарьд нэг, заан 34, харцага харцага долоо, начин 64 бөх улсын цолон хүрсэн байна. Өдгөө “Бөх билэгт”дэвжээний тэргүүнээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, тэргүүн дэдээр ХХАЯ-ны сайд асан Ж.Бадамжунай, дэд тэргүүнээр дархан аварга Г.Өсөхбаяр, гүйцэтгэх захирлаар Н.Алтаншагай, ахлах дасгалжуулагчаар гарьд Д.Рагчаа, начин Н.Ганзориг нар ажиллаж байна.
Сонирхуулахад, тус барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын шилдэг бөхчүүд зодоглох юм байна.