Монгол Улс 15-34 насны нэг сая гаруй залуучуудтай. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт хүн амын бараг 50 хувийг залуус эзэлдэг. Гэвч өнөөдөр хөдөлмөрийн насны хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа залуучуудад чиглэсэн бодлого, эрх зүйн орчин байхгүй.

Залууст хөгжлийн цогц бодлого хэрэгтэй талаар "Иргэний боловсрол төв" болон залуусын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд олон жил ярьж байна. Мөн НҮБ-ын Хүн амын сан болон бусад салбар байгууллагууд Монголын залуус, нийгэмд зориулсан олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан юм.

Тэгвэл Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай болох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл нь нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 26 зүйлтэй аж.

Хуулийн төсөлд 18-35 насны залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулж, залуучуудыг хөгжүүлэх, тэднийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох оролцоог дэмжих чиглэл, хэлбэр, арга замыг тусгажээ.

Мөн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилгоор шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох хэлбэрийг тодорхойлж, төрийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд тусгасан байна.

Үүний зэрэгцээ "Залуучуудын хөгжлийг дэмжих сан" байгуулах талаар санал оруулжээ. Тус сан нь залуучуудын хөгжлийг дэмждэг иргэн, хуулийн этгээд, олон улсын болон гадаадын байгууллага, иргэдээс үзүүлсэн хандив, буцалтгүй тусламжийн хөрөнгөөс санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлэх замаар үйл ажиллагаагаа явуулах аж.

Дашрамд, Залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд болон улс орны хөгжлийн томоохон зорилтууд өөр хоорондоо нягт уялдаагүйгээс эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоо хязгаарлагдмал байгаа. Тиймээс залуучуудын оролцоог бүхий л талаар нэмэгдүүлж, хөгжлийг дэмжих замаар шийдвэрээ өөрсдөө гаргаж, өөрсдөө хариуцлагаа ухамсарладаг нийгмийг цогцлоох асуудал чухлаар тавигдаад байна. Өнөөдөр Монголын ихэнх залуус доор үзүүлсэн шиг дүр зургаар нэг өдрийг өнгөрүүлж байна.

Монголын залуучуудын дунд эрсдэлт зан үйл түгээмэл тохиолдож байгаа нь тэдний ирээдүйн чадамжийг боогдуулж, сэргийлэх боломжтой аливаа өвчин, эндэгдлээс сэргийлэх эрүүл, үр бүтээлтэй амьдрах нөхцлийг хязгаарлаж болох талтай. Тухайлбал, жингийн илүүдэлтэй, таргалалттай залуучуудын хувь өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Залуучуудын бараг гуравны нэг нь тамхи татдаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг байна.

Эдгээр нь залуучуудын эрүүл бус амьдралын хэв маяг, хорт зуршлын зохисгүй хэрэглээ, чанартай эрүүл хүнс хэрэглэх боломж хомс, буруу хооллолт,хөдөлгөөний дутагдал, хэт таргалалт, бэлгийн зан үйл, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэл хомс, өвчнөөс урьдчилсан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байгаа зэрэг шалтгаантай холбоотой юм.

Мөн хүний дархлал хомсдлын вирусийн /ХДХВ/ бүртгэгдсэн халдварын дотор 15-24 насны залуучууд 20 орчим хувийг эзэлдэг гэх судалгаа ч байна. 2015 оны "Хүний хөгжлийн тайлан" илтгэлд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 41.2 хувь нь 30 хүртэлх насны залуучууд байгааг дурджээ.

Эрүүл саруул, сайн сайхан амьдрах нь залуусын амьдралын чанарт болон тэдний бүтээмжид нөлөөлж улмаар нийгэм, улс орны хөгжлийн төлөвт эерэг үр дүн бий болгодог.