Газрын тос хамгийн чухал түүхий эдийн нэг. Тиймээс ч түүнийг эзэмших, захиран зарцуулах эрхийн төлөөх тэмцэлдээн улс гүрнүүд, бизнесийн бүлэглэлүүдийн дунд 200 гаруй жил үргэлжилж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тос буюу нефтийн үнэ, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ зөвхөн эдийн засгаар хязгаарлагдахгүй, тухайн улс орны дэд бүтэц, иргэдийн өдөр тутмын амьдралд тун чухал ач холбогдолтой зүйл.
Энэ сарын эхээр газрын тос экспортлогч улсуудын нэгдэл ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны гарцыг бууруулах шийдвэрт хүрсэн нь анхаарлын төвд байна. Учир нь ОПЕК-ийн гишүүн орнууд найман жилийн дараа анх удаа газрын тосны гарцыг бууруулах хэлэлцээрт хүрсэн нь энэ юм. Сонирхолтой нь сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд ханш нь сулраад байсан газрын тосны үнэ энэ мэдэгдлийн дараа огцом өсч эхэллээ. Хэлэлцээрийн үр дүн зах зээлд шууд нөлөөлсний нэг илрэл нь мэдэгдэл гарснаас хойш удалгүй Нью-Йоркт газрын тосны үнэ 10 орчим хувиар нэмэгдсэн явдал байв. Түүгээр зогсохгүй, эрчим хүчний компаниудын хувьцаа, нийлүүлэгч орнуудын валютын ханш ч өссөн. Уг хэлэлцээрийн хамрах хүрээ ОПЕК-оор зогсохгүй, бусад орнуудад ч холбогдож байна. Тухайлбал, манай улс шатахуунаа 100 хувь импортлон авдаг ОХУ ч газрын тосны гарцаа царцаах шийдвэрт хүрсэн нь хүлээгдээгүй, гэнэтийн шийдвэр боллоо.
Уг хэлэлцээрийн дагуу ирэх нэгдүгээр сараас эхлэн газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелаар бууруулж, 32.5 саяын хязгаартайгаар барих бодлогоо хэрэгжүүлж эхлэх юм.
Үүнтэй зэрэгцээд ОПЕК-ийн бус орнууд ч газрын тосны гарцаа бууруулах шийдвэрийг гаргалаа. Үүнд ОХУ-аас гадна Мексик, Азербайжан, Оман зэрэг улс багтаж байгаа бөгөөд хоногт 591 мянган баррелаар бууруулахаа мэдэгдсэн нь ОПЕК-ийн орнуудын гарцаа бууруулах дундаж хэмжээнд суурилсан шийдвэр гэж харж болохоор байгаа юм.
Монгол Улс таван жилийн дараа гэхэд нүүрснээс нефть гаргаж, дотоодын хэрэгцээгээ хангана гэх амлалтыг 2007 онд Засгийн газар өгч байсан ч түүнээс хойш 10 жил болох гэж байна.
Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 46 ам.долларын үнэтэй байна. Гэхдээ олон улсын газрын тосны гарцыг бууруулах шийдвэр гарснаар нийлүүлэлт багасч, эрэлт ихэссэнээр газрын тосны үнэ үргэлжлэн өсөх хүлээлт үүсч эхэллээ. Энэ нь шатахуунаа 100 хувь хойд хөршөөс импортолдог манай улсын хувьд тийм ч таатай мэдээ биш.
Монгол Улс таван жилийн дараа гэхэд нүүрснээс нефть гаргаж, дотоодын хэрэгцээгээ хангана” гэх амлалтыг 2007 онд Засгийн газар өгч байсан ч түүнээс хойш 10 жил болох гэж байна. Гэхдээ бидэнд нэг том боломж бий. Монгол Улс нийт 332.6 сая тонн газрын тосны нөөцтэйгээс 43.2 сая тонн нь ашиглаж болох баталгаат нөөцөд ордог гэх тооцоо бий. Гэхдээ бид нефть биш, өөр түүхий эд дээр төвлөрөх нь одоогийн нөхцөлд илүү бодитой. Учир нь дэлхийн газрын тосны нөөц 2030 он гараад үндсэндээ шавхагдаж дуусах тухай тооцоог олон улсын шинжээчид хэдийнэ хийсэн. Нефтийн дараа хүссэн хүсээгүй гол түүхий эд нь нүүрс. Тиймээс тэр үед нүүрсний түүхий эдээрээ дэлхийд дээгүүрт ордог манай улсын хувьд байдал ашигтайгаар эргэх боломж бүрдэх юм. Үүний тулд бид нүүрсээ өөрсдөө баяжуулан боловсруулж, дэлхийн зах зээл дээр үнэ хүргэдэг болох шаардлагатай. Ингэж гэмээнэ баяжуулсан нүүрсээ экспортолж, олон улсад өндөр хэмжээнд үнэлэгдэнэ. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслийг манай улсын эрдэмтэд хэдийнэ бэлэн болгосон. Гэхдээ хэрэгжүүлэх шатанд ажлын явц царцанги байдалд шилжээд байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байгаа юм. Монгол Улс эдийн засгийн хүнд хэцүү үеийг туулж байгаа ч, манай гол түүхий эд болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч буй таатай мэдээ байна. Дээрээс нь “Энержи Ресурс” ирэх сараас эхлэн нэг тонн нүүрсийг 105 ам.доллараар борлуулах тухай яригдаж байна. Хэрэв энэ ажил хэрэг болж, бодитоор хэрэгжвэл манай улсын уул уурхайн секторын эдийн засгийн эргэлт дөрвөн тэрбум ам.долларт хүрч, ДНБ 25 хувиар өсөх боломжтой. Ингэснээр 12 тэрбумын жижиг эдийн засагтай манай улсын хувьд сүүлийн 10 жилд гараагүй том эргэлт гарах боломж бий.