Солонгосын төдийгүй олон улсын хэмжээнд дуу хөгжим, кино, драма, к-поп, хошин шог, топ модель зэрэг урлагийн бүх салбарын шилдгүүдийг тодруулдаг Солонгосын Соёл, урлагийн их наадмаас “Intenational star” буюу “Олон улсын од” шагналыг хүртээд тун удаагүй байгаа “Guys” хамтлагийнхантай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө БНСУ-ын Соёл, урлагийн их наадмаас “Олон улсын од” шагнал авсанд баяр хүргэе. Наадмын талаар яриач. Та бүхний хүртээд буй шагналыг ямар шалгуураар, ямар уран бүтээлчдэд олгодог вэ?

-Солонгос улсын соёл, урлагийг сурталчлах зорилгоор жил бүр зохиогддог соёлын их наадам энэ жил 24 дэх удаагаа зохиогдсон. Тус наадам энэ жил анх удаа гаднын хамтлаг дуучид, топ модель, хошин урлаг болон кино жүжигчдээс шилдгүүдийг шалгаруулснаараа онцлогтой болсон. Зохион байгуулагчдын зүгээс олон орны уран бүтээлчдийг сонгож шалгаруулсан юм байна лээ. “Олон улсын од” шагналыг АНУ, Хятад, Тайланд, Япон, Монгол гэсэн таван улсын шилдэг уран бүтээлчдэд олгосон. Манай хамтлаг байгуулагдаад 19 жил болж байна. Энэ хугацаанд бүтээсэн уран бүтээл бүрийнхээ үг, ая, клипийг өөрсдөө бүтээж, клипний дүрд ч өөрсдөө тоглодог, өөрсдөө гардан хийдэг нь энэ шагналыг авах болзлыг хангасан. Мөн тухайн улсын иргэд, сонсогчдын дунд явуулсан санал асуулга бас нөлөөлсөн юм байна лээ.

-Шагналаа хэзээ авсан билээ?

-Солонгосын Соёл, урлагийн их наадмаас арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шагнал олгож бид энэ саррын 3-ны өдөр хүлээн авсан. Өнөөдөр сонсогч фэнүүддээ шагнал авсан тухайгаа зарлаж байна.

-“Guys” хамтлагийнхан залууст ухаарал, урам, баяр баясал бэлэглэсэн уран бүтээл туурвидаг. Залуусыг байлдан дагуулах бас нэгэн шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байхтай нь таарч байна. Шинэ дуу, клипнийхээ талаар яриач?

-Манай хамтлагийнхан уран бүтээлээрээ нийгмийг сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхэн рүү уриалан дуудах, амьдралын сайхныг залууст харуулахыг зорьдог. Энэ удаагийн уран бүтээл маань “Одтой өдөр” нэртэй дууны клип. Уран бүтээлийнхээ нэрийг шагнал авсан өдрөө бодож олсон. Тэр өдөр биднийг од ивээсэн гэж үзсэн. Авсаншагнал маань ч “Олон улсын од” нэртэй учир бэлэгшээн ингэж нэрлэсэн. Уран бүтээлдээ хүмүүсийн гэр бүл, байгууллага найз нөхөдтэйгээ өнгөрүүлж буй аз жаргал, баяртай мөч бүхнийг шингээхийг хүссэн.

“Guys” хамтлагийн хувьд уран бүтээл болгондоо техник, орчин үеийн хөгжмийн урсгалыг шингээж, шинэчлэл хийж байдаг. Тэр утгаараа уран бүтээлийн “апдэйт” болж байна.

-“Одтой өдөр” клип  фэнүүддээ барьж буй энэ жилийн сүүлийн уран бүтээлийн бэлэг үү?

-Шинэ жилийн үеэр сонсогч фэнүүдийнхээ баяр дээр баяр нэмж уран бүтээлээ хүргэдэг. Тиймээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хамгийн сүүлийн тоглолт хаана дуусна тэр л  фэнүүддээ хүргэх сүүлчийн бэлэг болно доо. Шинэ уран бүтээлийн хувь бол оны сүүлчийн уран бүтээл болж байна.

Хамтлагийн 20 жилийн ойд зориулан дөрөвүүлээ кинонд тоглохоор төлөвлөж байгаа. Хайр дурлалын сэдэвтэй драмын кино байгаа.

-2016 он дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Улиран өнгөрч буй жил танай хамтлагийн хувьд уран бүтээлийн олз омог өндөртэй байв уу?

-Манай хамтлагийн хувьд уран бүтээл арвин жил өнгөрч байна. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа уран бүтээлээрээ уулзах зорилгынхоо хүрээнд АНУ-ын 10 хотод очиж уран бүтээлээ хүргэсэн. Мөн бидний шинэ уран бүтээлүүд гарсан. Мэргэжлийн уран бүтээлчид гэдэг утгаараа зөвхөн хамтлагийн уран бүтээл гэлтгүй урлагийн бусад салбарт амжилттай ажиллалаа. Хамтлагийн гишүүдийн бүтээсэн телевизийн сериал, дэлгэцийн уран бүтээлүүд үзэгч сонсогчдод хүрсэн.

-Хилийн чанадад хийх аялан тоглолтоо аль улсаар үргэлжлүүлэх вэ?

-Ерөнхийдөө товлосон газрууддаа очоод дууссан. Аялан тоглолт хийхдээ хоёр жилийн дараа ахин очих болзоо тогтоосон. Тэр хугацаа маань ирэх 2017 оноос эхэлж байгаа.

-Ирэх жил “Guys” хамтлагийн 20 жилийн ой тохионо. Төлөвлөсөн  ажлууд байгаа байх?

-Төлөвлөсөн ажлууд олон бий. Тэр бүх ажлуудаа бэлэн болгох, төлөвлөгөөгөө эцсийн байдлаар батлах шатандаа явж байна. 20 жилийн ойн ажлын хүрээнд хийх арга хэмжээнүүдийнхээ талаар нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор сонсогч фэнүүддээ задална гэж төлөвлөж байна.

-Зохион байгуулах арга хэмжээнүүдээ ирэх оны эхний өдөр фэнүүддээ задална гэлээ. Ажлаа төлөвлөхийн ач холбогдол юу вэ?

-Төлөвлөнө гэдэг маань аливаа ажилд сэтгэлийн хөөрлөөр бус ул суурьтай хандана гэсэн үг. Ингэснээр дараа дараагийн ажлуудын хэрэгжилтэд ч эерэгээр нөлөөлдөг. Хүлээж буй хүмүүст ч ойлгомжтой мэдээлэл хүрдэг.

-“Guys” хамтлагийнхан олон кинонд дүр бүтээж чадварлаг жүжигчид гэдгээ харуулсан. Харин хамтлагаараа “Бидний найзын дурлал”, “Сайн уу, амьдрал минь” кинонд хамтран тоглосон. Ойрын хугацаанд хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дэлгэцийн уран бүтээлд тоглох уу?

-Хамтлагийн 20 жилийн ойд зориулан дөрөвүүлээ кинонд тоглохоор төлөвлөж байгаа. Киноны зохиол бэлэн болсон. Хайр дурлалын сэдэвтэй драмын кино байгаа. Мөн өнөөгийн хүмүүст дутагдаад байгаа хүн чанарын асуудлыг тусгасан уран бүтээл байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг цаг нь болохоор дэлгэнэ ээ.