Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрахтай ярилцлаа.
-Хуучин шар үнэмлэхийг шинээр солих ажил өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Хуульд заасан хугацаанд солиулахгүй бол яах вэ?
-Хууль зүйн сайдын баталсан жолоочийн үнэмлэх олгохтой холбоотой журамд зааснаар тухайн үнэмлэх 10 жилийн хугацаатай гээд зааж өгсөн. Тэгэхээр 2006 оноос өмнө олгосон шар үнэмлэхүүд 2016 онд хүчинтэй хугацаа нь дуусч байгаа учир энэ сарын 31-нд багтаж шар үнэмлэхээ солиулах ёстой. Хэрэв хуулийн хугацаандаа амжиж солиулахгүй бол ийм арга хэмжээ авна гэсэн юм одоохондоо алга. Хуучин үнэмлэхээ солиулахаар ирсэн иргэдэд манай Лицензийн төв шуурхай үйлчилж байгаа. Иргэд заавал Лицензийн төв дээр ирж үнэмлэх солиулах шаардлагагүй. Орон нутаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт орон нутгийн Замын цагдаагийн тасаг нь иргэдийнхээ хуучин үнэмлэхийг хүлээж аваад манайх руу ирүүлсний дагуу бид солиод тухайн замын цагдаагийн тасгаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байна.
2006 оноос өмнө олгосон шар үнэмлэхүүд 2016 онд хүчинтэй хугацаа нь дуусч байгаа учир энэ сарын 31-нд багтаж шар үнэмлэхээ солиулах ёстой.
-Үнэмлэх солих хугацаанд түр үнэмлэх олгох уу?
-Үнэмлэх солих ажил ажлын 3-7 хоногт багтаад явагдаж байгаа учир түр үнэмлэх олгох шаардлагагүй. Түр үнэмлэхийг зөвхөн жолоочийн үнэмлэх хэвлэгдэх үйл ажиллагаанд саатал гарсан тохиолдолд л олгодог журамтай.
-Лицензийн төв, “Монгол шуудан” компанитай хамтраад жолооны үнэмлэхийг гэрээр хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүллээ гэж байсан. Энэ үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа юу?
-Иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэх үүднээс жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар манайд материалаа өгсөн, хуучин үнэмлэхээ солиулахаар хандсан иргэдийн жолооны үнэмлэхийг сайн дурын үндсэн дээр гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ үзүүлж байна. Одоогийн байдлаар 93 иргэн захиалга өгөөд байгаа. Жолооны үнэмлэхийн хэвлэлт удааширсантай холбоотойгоор манайд нэлээн олон үнэмлэх хуримтлагдсан байсан. Гэрээр үнэмлэхээ хүргүүлэхийн тулд 7000-6996 утсанд хандан “Монгол шуудан” компанийн ажилчидтай холбогдож, гэрийн хаягаа өгснөөр үнэмлэхээ гэртээ хүлээж авах боломжтой.
-Жолооны үнэмлэхний хэвлэлт одоо хэвийн болсон уу?
-Жолооны үнэмлэх хэвлэлтийн ажил жигдэрсэн. Манай дээр нэлээн хуримтлагдсан байсныг түр үнэмлэх олгож ачааллыг бууруулж байсан. Одоогийн байдлаар 165 мянган үнэмлэх хэвлээд орон нутгийнхыг хуваарилаад явуулсан. Нийслэлийн иргэд Лицензийн төв, Дүнжингарав худалдааны төв дэх салбарт очиж болон гэрийн хаягаараа хүргүүлээд авч байна.
-Тэгвэл цаашид үнэмлэх хэвлэлт хэвийн үргэлжилнэ гэж ойлгож болох уу?
-Болно. Шар үнэмлэхээ солиулж байгаа болон эрхээ хасуулаад шалгалт өгч байгаа иргэдийн үнэмлэхийг ажлыг тав хоногийн дотор, хаяж гээгдүүлсэн шалтгаанаар материалаа өгсөн жолооч нарын үнэмлэх 21 хоногийн дотор гарч байгаа.
Шар үнэмлэхээ солиулж байгаа болон эрхээ хасуулаад шалгалт өгч байгаа иргэдийн үнэмлэхийг ажлыг тав хоногийн дотор, хаяж гээгдүүлсэн шалтгаанаар материалаа өгсөн жолооч нарын үнэмлэх 21 хоногийн дотор гарна.
-Жолоочийн үнэмлэхийн лавлагаа авах хүсэлтэй хүн олон байдаг. Энэ лавлагааг зөвхөн танай төвөөс олгох уу?
-Энэ бас иргэдийг бухимдуулдаг байсан асуудлуудын нэг. Тухайлбал, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд жолоочийн үнэмлэхээ тухай орныхоо жолоодох эрхийн үнэмлэхээр солиулахын тулд заавал цагдаагийн байгууллагаас лавлагаа авах шаардлагатай болдог. Тиймээс бид иргэдийнхээ санал хүсэлтэд үндэслэн хилийн чанадад буй элчин сайдын яамдуудтайгаа хамтран цахимаар жолоочийн үнэмлэхийн лавлагаа явуулах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн иргэд ТҮЦ машин, Лицензийн төв, Дүнжингарав худалдааны төв дэх манай салбараас авч болно.
-Жолооны эрхээ зургаан сар, нэг, хоёр жилээр хасуулсан иргэд энэ хугацаагаа дуусахаас өмнө жолоочийн үнэмлэхээ авах боломжтой юу гэх асуулт иргэдийн дунд түгээмэл байдаг. Үүнд та тайлбар өгөөч?
-Тухайн жолооч эрхээ хасуулсан тохиолдолд тухайн орон нутаг, дүүргийн замын цагдаагийн тасгаас жолоочийн бүртгэлийн санд хасалт хийгээд, системд оруулна гэсэн үг. Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар хугацаанаас өмнө жолооны эрхийг сэргээх боломж байхгүй. Тухайн жолоочийн үнэмлэх зөрчлийн материалдаа хавсрагдаад явна. Харин эрх хасуулсан хугацаа дууссан тохиолдолд сургалтад хамрагдаж, цахимаар шалгалтаа өгөөд, үнэмлэхээ шинээр нөхөж авах үйл ажиллагаа явагдаж байна.