УИХ-ын 2016 оны сонгуульд 69 бие даагч өрсөлдсөн. Тэднээс С.Жавхлан ганцаараа ялж, дуучин гэх алдраа УИХ-ын гишүүнээр сольж, төр түшилцэх эрх авсан. Гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш тэрээр монгол дээлээрээ байнга гоёсоор ирсэн. Үүгээрээ ч бусад гишүүдэд үлгэрлэж, “Монголчлол”-оо эхлүүлнэ гэж ярьдаг. Тэгвэл С.Жавхлан гишүүн найздаа зориулсан хандивын тоглолтыг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Энэ завгүй үед нь бид түүнийг “Ардын эрх” сонины зочны буландаа урьж, ярилцлага өрнүүлсэн юм.
-Хандивын тоглолт хийгээд тун завгүй байгаа өдрүүдэд цаг зав гарган ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа.
-Амар байна уу. Өвөлжөө тухтай сайхан уу.
-Амар мэнд ээ. Сайхан өвөлжиж байна. Хоёулаа яриагаа таны тоглолтын талаар эхэлье. Энэ удаагийн тоглолт найздаа туслах хандивын тоглолт гэдгээрээ онцлог. ӨМӨЗО-ны дуучин М.Баясгалангийн хувьд ямар өвчнөөр өвдсөн юм бэ. Эмчилгээний зардалд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-“Хамаг Монгол” төслийн дуучин, Өвөрмонголын "Хөх хээр" хамтлагийн дуучин Машбатын Баясгалан маань ходоод, улаан хоолойн хорт хавдар авахуулах маш хүнд хагалгаанд орох гэж байна. Мэс заслын төлбөрт санхүү их хэрэгтэй гэсэн. Бид найздаа сэтгэл санааг нь өргөх, мөн зардалд нь нэмэр болох үүднээс арваннэгдүгээр сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд “Хамаг монголчуудын халуун сэтгэл" тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Тоглолтод “Хамаг Монгол” төслийн дуучид маань оролцож, ая дуугаа өргөнө. Одоогоор хагалгааны зардлаас 100 гаруй сая төгрөгийг нь Өвөрмонгол ахан дүүс маань нэг өдрийн дотор цахим холбоогоор бараг ихэнхийг нь цуглуулсан байна лээ.
-Та голчлон дуулна гэсэн. Тайзан дээр гараагүй нэлээд удсан болохоор сэтгэл хэр догдолж байна даа?
-Тайзны догдлол гэхээсээ илүү бидний сайхан найзад маань тохиолдсон энэ аюулт өвчин арилж эдгэрээсэй гэдэг бодолд дарагдчихаад байна.
-Тийм шүү. Олон түмний дэмжлэгээр найз тань эдгэрч, эрүүл энх болох байх аа.
-Гялайлаа.
Сайн цаг ирсний дараа дуулах цаг зөндөө бий. Миний талаар ийм бодолтой байснаа хүмүүс мартаж болохгүй шүү. Дуулах гэдэг Жавхлангийн хувьд зүгээр нуувч байж гэдгийг хүмүүс аяндаа мэдрэх болно.
- Ер нь цаашдаа та дуулах уу?
-Дуулна. Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш шигээ бүх насаараа дуулна.
-Таны төрсөн ах С.Хунчин их сайхан дуулдаг юм билээ. Танай хамаатнууд танд зориулж дуу бүтээсэн байсан. Энэ тухайд?
-Ах дүүс маань миний шүлэг, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу "Манай Монгол мандана" дууг дуулж дүрсжүүлсэн. Зөвхөн Жавхлан “Монгол, Монгол” гээд гүйгээд байдаггүй юм байна. Ах дүүс нь ч гэсэн мал ахуйч, ажилч хөдөлмөрч, нэгдэж чаддаг, дуу хууртай, авьяаслаг хүмүүс юм байна гэдэг ухаарамжийг түмэн олонд өгсөн болов уу гэж бодож байна.
-Таны аав их мундаг зохиолч хүн байсан гэдэг. Аав тань амьд сэрүүн байсан бол таны одоогийн үйл хэргийг хэрхэн дүгнэх байсан бол?
-Өшөө илүү эв ухаан зааж хурцалж, ташуурдах байсан байх. Гэхдээ шөрмөс зааж уядаж туядахгүйгээр цааш зөв цагийг дамнуулах ухааныг аав маань харамгүй үлдээсэн гэж боддог. Эцгийнхээ захиас гэрээс, сургаалийн дагуу л чадлын хэрээр зүтгэж явна.
-Таны бие эхээс төрөхдөө хөх байсан гэдэг. Тиймдээ ч өнөөгийн монголчууддаа “Монголчлол” гэдэг үгийн утгыг ойлгуулахаар тэмцэж яваа гэж таныг мэдэх хүмүүс ярих юм?
-Аав маань намайг мэндлэхэд их нуусан гэдэг. Онцгой хүүхэд ирлээ гээд. Ямар ч хүн үр хүүхдээ сайн хүн, баатар эр, онцгой гоц байгаасай л гэж ерөөж бэлгэшээдэг байх. Миний хувьд би онцгой хүн гэхээсээ илүү энэ олгогдсон цаг хугацаандаа Монголоо онцгойруулах л хүсэл зорилготой явна даа.
Тархины тураал, сэтгэлгээний гажигтай, шунал атаагаар цээжээ дүүргэчихсэн хэсэг нөхөд нийгэмд хорт хавдар болон буглаж дээр нь таглаж сандаалчихаад байна. Энэ хэсгийг цэвэрлэх хэрэгтэй.
-Таныг УИХ-д нэр дэвших болсноос өнөөг хүртэл зарим хүмүүс “Дуулаад л явж байхгүй дээ” гэж шүүмжилж байна. Энэ шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?
-Энэ бол тавилан. Энэ замыг Жавхлан туулах ёстой болоод л тэр. Дээр нь нийгмийн захиалга байна. Тархины тураал, сэтгэлгээний гажигтай, шунал атаагаар цээжээ дүүргэчихсэн хэсэг нөхөд нийгэмд хорт хавдар болон буглаж дээр нь таглаж сандаалчихаад байна. Энэ хэсгийг цэвэрлэх хэрэгтэй. Сайн цаг ирсний дараа дуулах цаг зөндөө бий.
Миний талаар ийм бодолтой байснаа хүмүүс мартаж болохгүй шүү. Дуулах гэдэг Жавхлангийн хувьд зүгээр нуувч байж гэдгийг хүмүүс аяндаа мэдрэх болно.
-Таныг УИХ-д нэр дэвших үед хориглож байсан хүн бий юу. Тэд танд юу гэж хэлж байв. Аливаа зүйлд зориглоход дэмжих хэсэг байхад, эрс үгүйсгэх хүмүүс ч байдаг шүү дээ.
-Бүгд дэмжиж байсан. Энэ түмэн олны захиалга байсан. Цаг нь ирсэн болохоор болох ёстой зүйл болдогоороо л болж байна.
-УИХ-ын шинэ гишүүд сонгогдсоныхоо дараа үнэмлэхээ гардаж аваад Төрийн ордонд тангараг өргөж байлаа. Тэр үед танд юу бодогдож байв?
-Төрийн ордонд дүүрэн хар хорхой шиг хувцастай хүмүүс дотор жаахан жихүүдэс төрж байсан шүү. Тэдний нүдний харцнаас өгсүүлээд. Монголын төр гэхээсээ илүү үүрэг хариуцлага, цадиг жудагаа үл огоорсон хүмүүсийн бөөгнөрөл дотор орлоо гэж өөрийгөө бодсон. Ер нь тэгээд төрт ёс, сэтгэл жудаг нь алдарсан улс оронд байгаа юм биш үү. Үүнийг л илүү мэдэрсэн дээ.
-Ер нь төрийн түшээд гэр бүлдээ зарцуулах цаг зав их хомс байдаг гэлцдэг. Таны хувьд энэ цаг хумигдсан уу. Аавын бас ханийн үүргээ хэр биелүүлж байна вэ?
-Ямар ч үед манайх гэр бүлээрээ "Монголчлол"-оо дээш нь өргөхийн тулд үргэлж хичээдэг. Тийм ч учраас бүгд үргэлж хамтдаа байдаг.
-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Ихэвчлэн монгол хоолоо идэж, монгол хэрэглэлээ эдэлдэг гэж сонссон?
-Өглөө бүр л сайхан эхэлнэ. Монгол хүнс, хоолоо иднэ. Бидний монгол хоол чинь амин дэм, шим нь бялхсан агуу зүйл шүү дээ. Монгол мал 7800-гаад төрлийн эмийн ургамал сорлон иддэг. Малын мах, сүү, цагаан идээ цөм л эрч хүч, амин дэм. Харин өвчин бол хиймэл, зохиомол урвалд оруулчихсан хүнснээс л үүсдэг юм. Тиймээс цэвэр ариухан унаган байгалиа шүтээд явахад цаг бүр л зөв цэнгэг байна.
-Та ажилдаа байнга дээлтэй ирдэг болохоор өглөө толины урд зангиа засах зэрэг ажил гардаггүй байх. Гэхдээ монгол дээл бүсээ зөв бүслэх, зөв товчлохоос эхлээд учир их биз?
-Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүсээ бүслээд гарахад түүртэх юу байх вэ дээ. Сугаа товчилж байгаа, бүсээ бүсэлж буй хөдөлгөөн бүр амьсгал зүрх судасны хийн дасгал болдог. Энэ хөдөлгөөн дутсанаас үүдэж, монголчууд зүрхний шигдээсээр их өвдөх болсон.
-Таныг гишүүн болсноос хойш хүмүүсийн харах өнцөг, хандлага өөрчлөгдсөн үү. Тусламж дэмжлэг гуйх, ажилд орох захиалга өгөх тохиолдол их гардаг гэдэг?
-Жавхлан яг л хуучнаараа байгаа. Тусламж, дэмжлэг, зөвлөмж хүссэн зүйл урьд нь ч байсан. Одоо ч хэвээрээ байна. Дэлхий Монгол уруу эргэж байна, гэтэл бид Монголоосоо зугтааж байна
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэ гишүүд гаргаж өгсөн нь олон нийтэд ил болсон. Таны орлого зарим гишүүнийхээс өндөр байсан ч тэрбум, тэрбумын орлоготой бизнесээс улс төрд хөл тавьсан эрхмүүдийн дэргэд харьцангуй бага харагдаж байна лээ. Олон нийт таны орлогыг өөрийн хөдөлмөрөөрөө олсон орлого гэж дүгнэж байсан. Гэхдээ нэг орон сууц, хоёр автомашинтай гэдэг дээр бага зэрэг шүүмжлэх тал ажиглагдсан. Учир нь та “Гэртээ амьдаръя” гэж уриалдаг болохоор хүмүүс шууд утгаар нь хүлээж аваад байх шиг?
-Гэртээ амьдарч байгаа. Байрнаас татгалзсан. Шоронд байгаа юм шиг дасахгүй юм билээ. Хоол хийж идээд л хэвтдэг газар болчихоод хүнийг их хэврэг болгох янзтай болохоор нь больсоон. Дээр нь агаарын солбилцол муу, үзэх харах орчин хязгаарлагдмал, эх байгалиас салангид, хотын хорт утаа, хүүхдийн хүмүүжил, ажилч, хөдөлмөрч өсөхөд сөрөг муу нөлөөтэй гээд тоочоод байвал муу талууд их байсан.
Дэлхийн эрдэмтэд амьтдыг хавтан хананд, дүнзэн хайрцганд, эсгий туурган дунд хийж амьдруулж туршилт хийхэд эсгий дотор байсан нь хамгийн эрүүл өсөж бойжиж байсан. Харин хавтан дотор байсан нь хавантаж хавдаж, хүнд өвчлөн, сулдаж доройтож байсан гэдэг судалгаа гарсан байдаг.
Хүн ч гэсэн байгалийн амьтан болохоор яг адил. Тэгээд ч бидний өвгөд буруу, муу юм хэрэглэж яваагүй. Одоо Араб, Австрали, Францад баячууд нь монгол гэрт амьдардаг болсон байна лээ. Дэлхий Монгол уруу эргэж байна. Гэтэл бид Монголоосоо зугтааж байна.
-Таныг бас бодлого ярьж, хууль санаачлахгүй байна гэж шүүмжлэх юм. Энэ мэдээж цаг хугацааны асуудал байх. Ер нь УИХ-ын гишүүн болоход мэргэших шаардлагатай гэж та бодож байна уу?
-Бодлого гэвэл “Монголоо Монгол болгох” бодлогыг би үргэлж л ярьж байгаа. Цаас болоод л үлддэг, олны нуруун дээр дарамт нэрмээс болдог амьдралд хэрэгждэггүй усан хууль, эрээн муутуу бидэнд хэрэггүй. Монгол ёс жудагаа зүрхэндээ хадаж явдаг тэр сэтгэлийн хуулийг би үргэлж тараан түгээж, уриалж, бусдад үлгэрлэж явна.
Шууд хэрэгждэг, нүдэнд ил харагддаг хуулийг би сэрээж явна гэж ухдаг. Жишээлбэл, Монгол дээл байна. Амьдралд хэрэгжиж байна уу? Байна. Үүнээс улбаалаад хүмүүс үндэснийхээ үйлдвэрлэл, гар урлалаа дэмжих хандлага руу түлхүү орж байна уу? Орж байна. Бүтээхийн тулд сөнөө гэж үг бий. Ингэхийн тулд Жавхлан хуучин хоцрогдсон, явахаа байсан, хуучин сэтгэхүй, өнөөгийн нийгмийг гацаачихаад байгаа тэр хийрхэлийг дагах ямар ч шаардлагагүй.
-Та гишүүн болсноосоо хойш иргэдийн амьдралд ойрхон хэд хэдэн сайхан ажил хийсэн нь олонд хүрсэн болов уу. Ер нь энэ дөрвөн жилд та хэрхэн ажиллая гэж бодож байна вэ?
-“Монголчлол”-оо эхлүүлнэ. Монгол нутагтаа яаж түгэн дэлгэрдэгийг цаашлаад гадаадын улс түмнийг яаж дагуулж сэрээдгийг харуулна.
-Улстөрчдийн өврийн ном, ширээний ном олны анхаарлыг ихэд татдаг. Та яг одоо ямар ширээний ном, товхимол ашиглаж байна вэ?
-Яг одоо би “Эд хөрөнгө ба үнэ цэнэ” гэдэг номтой нөхөрлөж байна.
Монголоо гэсэн сэтгэл минь ганцаардаж, дандаад байгааг харвал дэм болох хүн одоохондоо алга байна. Цаашид яахыг бүү мэд.
-УИХ-ын гишүүд дотор туршлагатай, буурьтай хүмүүс бас бий. Хамгийн жудагтай, хариуцлагатай улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ?
-Бусдад бол тэгж харагддаг байх. Надад бол нэрлэх хүн алга байна. Монголоо гэсэн сэтгэл минь ганцаардаж, дандаад байгааг харвал дэм болох хүн одоохондоо алга байна. Цаашид яахыг бүү мэд. Уг нь нам, эвсэл гэлгүй зөвхөн Монгол минь гэсэн сэтгэлээр явбал би хамтрахад хэзээд бэлэн.
-Нууц биш та одоо хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Анхны цалингаараа сурагчдад дээл авч өгсөн нь сошиал сүлжээгээр цацагдаж, олны сайшаалыг хүртэж байсныг санаж байна?
-Гялайлаа. Миний сарын цалин 1.5 сая төгрөг юм билээ.
-УИХ-ын гишүүн ийм цалинтай байхад амьдралд нь хангалттай хүрэлцэхээр байна уу?
-Миний цалин дуулж байснаасаа дордсон. Гэхдээ би мөнгийг дагадаггүй. Түүнд нэг их ач холбогдол өгдөггүй л дээ. Мөнгөнд баригдахгүй сэтгэлийн сайхныг би илүүд мэдэрдэг учраас надад их, бага цалин хамаагүй. Сэтгэлээр баян хүн гэх үү дээ. Ер нь тэгээд гишүүд үүнээс илүү цалинтай байгаад яах ч юм. Ард иргэд нь ядуурлын ирмэгт байхад.
-Долларын ханш өсөөд, төгрөг үнэгүйдэж эдийн засаг хямралаа гэх муу мэдээ л дуулдаад байна. Энэ бүхнээс гарах гарц мэдээж бий. Таны хувьд хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ?
-Өрх бүр бүх хэрэглээгээ бүтээдэг байх тэр үедээ л Монгол мандан бадарч явсан байдаг. Хүнээс юм гуйхгүй өөрснөө бүхнээ хийдэг болсон цагт бид хөгжинө. Монгол амьдарлын хар ухаанаа сэрээсэн цагт бид мандана. Одоо бол гаднаас оруулж ирсэн юмаар л өөрсдийгөө гоёод түүнд л орлогоо өгөөд байна шүү дээ.
-Та Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тойргийнхоо иргэдтэй хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Тасралтгүй холбоотой ажиллаж байгаа. Манай тойргийнхон надад маш сайн байдаг. Сая орон нутгийн сонгуульд би Баянзүрх дүүргээсээ 41 хороонд 41 дээлтэй залуусыг дэвшүүлэх ажил эхлүүлсэн юм. Тойрогтоо ажлаа улам илүү эрчтэй, ганцаардахгүй хийхийг зорьсон хэрэг шүү дээ. Өнөөх л бусармаг сэтгэлтнүүд айж, шээс алдаад бүгдийг нь шүүхдээд, саад хийж хассан. Гэвч ганц дайчин ганцаардахгүй. Зөвхөн тойрог биш Монгол, цаашлаад Хамаг Монголынхоо төлөө шантралгүй зүтгэнэ.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Цаг зав тун хомс байсан хэдий ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд дахин баярласнаа хэлье.
-Гялайлаа. Та бүхэнд ч бас ажлын их амжилт хүсье.