Өвөр Монгол залуу дөрвөн хятад иргэний аминд хүрчээ. Хэрэг энэ сарын 25-ны өдөр Өвөр Монголын зүүн үзэмчин хошууны Улгай хотод хүн гарсан байна.
Тодруулбал, Хуучнаар Жирэм аймгийн Хорчин хошууны харъяат иргэн Үнэнч хэмээх залуу өөрийн гэсэн мал ахуй хөрөнгө байхгүй тул хятад айлын малыг хөлсөөр маллаж байхдаа энэхүү хэргийг үйлджээ.
Өвөр Монгол иргэдийн өгч буй мэдээллээр мал нь тарга тэвээрэг муутай байсанд малын эзэн Хан овогт Бан Жи Гу уурлан Үнэнчийг удаа дараа дарамталсан бөгөөд хэрэг гардаг өдөр гурван хятад иргэн Үнэнчийг бэлчээр дээр нь зодсон аж. Ингээд Үнэнч өөрийг нь зодсон гурван хятад иргэний амийг нь хөнөөж, улмаар Хан овогтын гэрт очиж түүний амийг егүүтгэсэн байна.
Ийн хэрэг үйлдсэнийхээ дараа Үнэнч төрсөн нутаг болох Жирэм аймаг руу зугтаж явах замдаа "Ёлын мод" гэдэг газраас хятадын цагдаа нарт баригджээ. Одоо түүнийг Хятадын цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм. Эх сурвалжууд Үнэнчид Хятад улсын шүүхээс цаазаар авах ял оноож магадгүй гэж мэдээлж байна.

Эл хэрэг явдлын дараагаар Өвөр Монголчууд "wechat" болон бусад сүлжээгээр өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж Үнэнчийг хамгаалахаар тэмцэж эхэлжээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд олон өрх мал ахуй бэлчээр нутгаа Хятадуудад алдаж, хятад иргэдийн хөлсний малчнаар ажиллах явдал нэмэгдсэн байна. Тиймээс Өвөр Монголчууд өнгөрсөн жилээс эхлэн газар нутаг, бэлчээрээ хамгаалахаар нэгдэж эхэлсэн нь Хятадуудын дургүйцлийг хүргэж, хоёр орны иргэдийн зөрчилдөөнийг хурцатгасан юм.