Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Монгол Улсад хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Далай лам өнөө өглөө “Их тэнгэр” цогцолборт хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Далай багш маань 9 дэх удаагаа Монголд айлчилж байна. Энд улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй. Цэвэр сүсэгтэн олон, лам хуваргууд, сүм хийдүүд урьж авчирсан. Далай багш энд айлчилж олон түмэндээ сургааль айлдаж, шинжлэх ухааны хуралд оролцож, оюутан залуустай уулзлаа. Энэ бүгдийг Монголын ард түмэн, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийсэн” хэмээн тодотголоо. Үүний дараа Далай лам Монголд хийж буй айлчлалынхаа талаар товч мэдээлэл өгөхөдөө улс төрийн ямарч зорилгогүй гэдгээ тодотгосон. Мөн X Богдыг хэзээ, хэрхэн тодруулах талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “IX дүрийн Богд Жавзандамба хутагт аугаа хүн байсан. Таалал  барихынхаа өмнө “Би хаана таалал барих вэ. Би хаана төрөх вэ” гэж надаас асууж байсан нь гайхамшигтай зохиол байсан шүү. Хамгийн сүүлд Богд Жавзандамба хутагттай уулзахдаа “Таны лагшин чилээрхүү байна. Нас сүүдэр өндөр болсон байна. Тэгэхээр дараа төрлөө болгоох хэрэгтэй. Таны дараа төрөл авах газар Монгол байна шүү” гэж би тэгэхэд айлтгасан юм. IX Богд Жавзандамба хутагтын дараагийн дүр тодруулах дээр нэгдүгээрт би Далай лам, хоёрт би жаахан байхаас нь нөхөрлөсөн болохоос тодруулах нь надад үүрэг болж ирсэн. IX Богдын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж тэмдэг гарч байгаа. Одоо жаахан хүүхэд болохоор нийтэд тодорхой зарлах шаардлагагүй байх. 3, 4, 5 нас хүрэхийн алдад бодолцох хэрэгтэй” гэлээ.

Далай лам үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-IX Богдын хойд дүрийг тодруулах ажил шашин номын дэг жаягийн хүрээнд болсон гэж ойлгож байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Би сая хэлсэн шүү дээ. Нарийн мэдээллийг өгөх болоогүй байна. Алгуур алгуур хандахгүй бол хүүхэд их жаахан байгаа. Том болохоор нь мэдээлэл өгч болно оо.

-X Богдын талаар жаахан байна гэж хэллээ. Сүсэгтэн олонд бол Далай багш Монголд айлчилсан нь X Богдыг зарлахаар ирсэнтэй холбоотой гэсэн хүлээлт байсан. Гэвч тэгсэнгүй. Гадна, дотнын ямар нэгэн дарамт шалтгаан байна уу.

-Онцгой тийм айхтар бэрхшээл үүсээгүй. Гэхдээ үүнийг ингээд орхисон нь дээр байх аа.

Ирээдүйд магадгүй Далай лам хоёр ч болж мэдэх юм

-Таныг айлчлах хугацаанд Хятадын Засгийн газраас хоёр ч удаа Монгол Улсад хандаж мэдэгдэл гаргалаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Байнга ийм зүйл болдог юм. Би хаана ч очсон Хятадын талаас ийм асуудал тавьдаг. Би энэ дэлхий дээрх бурхны шашинтай улс орнуудаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байгаа. Бусдад нь чадахгүй байна. Би уг нь бурхны шашинтай хэрнээ бурхны шашинтай улс орнуудад очиж чадахгүй байгаа ш дээ гэж тоглоом болгож ч хэлж байгаа. Жишээ нь Хятадаар аваад үзэхэд тэнд 400 сая гаруй бурхны шашинтай хүмүүс бий. Тэд намайг айлчлаач гэж байнга сануулж хэлдэг. Бодит байдал дээр ярихад 1974 оноос хойш би тусгаар тогтнолын талаар ярихгүй, санаа дэвшүүлэхгүй байгаа. Хятадын тал бол намайг салан тусгаарлагч гэж үзэж байгаа. Би тусгаар тогтносон улс болох гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэддэг. Зарим хүн намайг үүнд буруутгадаг. Яагаад тусгаар тогтнолын төлөө тэмцэхгүй, явахгүй байгаа юм бэ гэж буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар биш хоёуланд нь тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж байсан.

-Шашны гурван өндөрлөг гэдэг Далай лам, Богд, Банчин богдын хойд дүрүүдийн асуудал дандаа маргаан дагуулдаг. Өнөөдрийн байдлаар Банчин богд гэж  хоёр ч хүн яригдаад байдаг. Үүн шиг X Богдыг тодруулах асуудал дээр ийм асуудал гарвал яах вэ. Хэрэв Банчин богд хүлээн зөвшөөрөхгүй байвал яах вэ?

-Тийм ээ, тийм. Банчин Богд одоо хоёр болчихоод байгаа. Ирээдүйд магадгүй Далай лам хоёр ч болж мэдэх юм. Түүнийг гайхаад байх зүйл биш. Энэ бол улс төрийн асуудал. Улс төрийн асуудал бол жаахан шалтгаан тохиолдоход л хувирч өөрчлөгддөг шүү дээ. Гол нь бурхны ном сургаалиа хүн өөрөө сонсч, бүтээж, дэлгэрүүлэх нь чухал. Түүнээс биш Банчин богд, Далай лам, Богд лам гэж өндөрт залчихаад энэ талдаа анхаарахгүй байж болохгүй. Би өөрөөрөө аваад үзэхэд  Далай лам гээд хүнтэй дээрээс харьцах биш, хүмүүст ойр байж, ижилхэн байдлаар хүндэтгэлтэй хандахыг хичээж амьдардаг. Бурхан багш айлдвартаа бурхны шашныг лам, хуваргууд авч явна гэж хэлсэн болохоос зөвхөн лам гэж ганц тоон дээр айлдаагүй байдаг.