
Ихэнхи албан газруудын ажил өглөөний 09:00, 08:00 цагт эхлэх тогтсон заншилтай. Тэгвэл танай байгууллагын ажил 09:06 цагт эхэлдэг бол ямар вэ? Цагийн хуваарийн нэгэн хэвийн уламжлалыг эвдсэнээр ажилчдынхаа ажлын бүтээмж, уур амьсгалыг эрс өсгөж чадсан “Pivotal Software” компанийн хүний нөөцийн шинэлэг, шилдэг аргыг хуваалцаж байна.
Өглөөний цайг ажил дээрээ

“Pivotal Software” компанийн ажилтнууд илүү ч үгүй, дутуу ч үгүй 09:06 цагт цуглан 5-10 минут өглөөний шуурхай хурлаа хийнэ. Үүний дараа програмистууд үндсэн ажилдаа анхаарлаа төвлөрүүлнэ.
Гэхдээ ажил эхлэхээс өмнө компаниас ажилтнуудаа өглөөний цайгаар хангадаг байна. Энэ тухай компанийн гүйцэтгэх захирал Роб Ми “Ажилтнууд өглөө ажилдаа яарснаас ихэвчлэн өглөөний цайгаа ууж амжилгүй ирдэг. Өлссөн хүмүүс ажилдаа анхаарал төвлөрөх нь муудаж, өглөөний 11 цагийн орчимд идэх юм эргүүлэн суудлаасаа хөндийрдөг нь ажлаа цалгардуулах нэг шалтгаан болдгийг ажигласан. Тиймээс ажилтнууддаа байгууллагын зүгээс өглөөний цайгаар үйлчлэх санааг гаргасан нь маш үр дүнтэй болсон. Энэ санааг хэрэгжүүлснээс хойш ажилтнуудын хоцролт эрс багассан. Магадгүй тэднийг ажилдаа эрт ирэх нэг шалтгаан болдог байх” гэжээ.
Яагаад заавал 09:06 гэж?

Ажлын цаг 09:00 цагт байснаар хэт ерөнхийгөөс гадна ихэнхи хүмүүс ажилдаа хоцрох тухай бодож, стресстдэг байна. Харин 09:06 байснаар хүмүүсийн сэтгэхүйд дахиад хэдэн минут байгаа гэх бодол орж ирэн, ажилдаа илүү тайван очсоноор тэр өдрийн ажлын бүтээмжийг өсгөдөг тухай сэтгэл зүйчид дурджээ. Эхэндээ ажлын цагийг 09:05 болгох тухай компанийн удирдлагууд хэлэлцэж байсан ч, энэ нь 09:00 цагаас нэг их ялгарахгүйн дээр програмистууд хэт уйтгартай, тодорхой зүйлд дургүй хүмүүс учир бодлоо өөрчилсөн байна. 09:06 цаг нь нэгэн хэвийн, уйтгартай зүйлд дургүй програмистуудад ихээхэн таалагдаж, ажлаа зугаатай хийх болжээ.
Цагтаа эхэлж, цагтаа дуусга!

Өдрийн төгсгөлд 18 цагт ажлын цаг дууссанаас хойш ажилтнуудыг илүү цагаар ажиллахыг энэхүү компанийн удирдлагууд нэг их таашаадаггүй. Учир нь програмистууд хэт оройтож, ядарсан үедээ үр бүтээлтэй ажиллаж, гараасаа үр дүнтэй ажил гаргахад бэрх. Тиймээс гүйцэтгэх захирлын зүгээс ажилтнуудаа оройн цагаар ажиллуулахыг хүсдэггүй аж. Харин оронд нь ажилтнуудаа өглөө цагтаа хоцролгүй ирж, өдрийн туршид зөвхөн ажилдаа анхаарал төвлөрүүлэн, үр бүтээлтэй ажиллах шаардлага тавьдаг. Дүрэм маш энгийн. Цагтаа ирж, ажлаа цагтаа багтаан үр бүтээлтэй хийх, цагтаа тарах. Үр дүн: ажилтан, байгууллагад аль алинд нь ашигтай.
“Pivotal Software Inc” 2.8 тэрбумын үнэлгээтэй

Pivotal-ийн дээрх дадал хачирхалтай сонсогдож болох ч энэ нь дэлхийн 20 оронд салбар нэгжтэй, томоохон компаниудад зөвлөгөө өгөхийн хэрээр их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чаддаг ухаалаг системтэй, дэлхийн хамгийн амжилттай бизнесийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа юм.
2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэгдэж буй “Pivotal Software” компанийн хөрөнгө оруулагчдаар Dell technologies, Microsoft, general Electric, Ford зэрэг дэлхийд толгой цохих компаниудыг нэрлэж болно. Автомашины үлдвэрлэгч алдарт Ford компани гэхэд энэ оны тавдугаар сард Pivotal компанид 253 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.
Дэлхийн шилдгүүдийн багш
“Pivotal”-ийн ажилтнууд бусад компаниудын софтвэйрийн багийнханд сургалт явуулж, багшилдаг. Компаниуд IT хэсгээ сайжруулахыг хүсвэл Pivotal руу багаа илгээж, тусламж хүсдэг байна. Тэдний үйлчлүүлэгчдийн дотор BMW, Mercedes-Benz, Lockheed Martin, NBC, Bloomberg, Orange, eBay, South West Airlines, Twitter зэрэг томоохон компаниуд багтдаг.
Google хүртэл хөгжлийнхөө эхэн үед Pivotal-ийн тусламжийг авч, үйл ажиллагаагаа явуулж байснаа дурдсан байдаг.
Үйлчилгээ авахыг хүссэн зочин үйлчлүүлэгч Pivotal-ийн програмистуудтай баг болон ажиллаж, хамтдаа код бичсэнээр софтвэйрийг үйлчлүүлэгчийн хүсэлд нийцүүлэн илүү хялбар өөрчилж, тохируулан тестлэх боломжтой байдгаараа илүү үр дүнг бий болгодог гэнэ.
Хүн өөрөө өөртөө л боломжийг бий болгодог

Компанийн гүйцэтгэх захирал өсвөр насандаа компьютер, IT сонирхон дурласан нэгэн огт биш юм. Анагаахын ангиас япон хэлний анги руу шилжин суралцаж байсан тэрээр гуравдугаар курсдээ анх удаа компьютерийн програмын хэлээр бичсэн код харж байжээ. Тэрээр энэ тухайгаа “Би өөртөө юу гэж байгааг нь ойлгохгүй ч, миний сонирхлыг үнэхээр их татаж, үлдсэн амьдралынхаа туршид хийх зүйл минь бололтой гэж хэлж байж билээ. Тиймээс япон хэлний ангид суралцаж бйасан ч компьютерийн хичээлүүддээ ихээр анхаарч судлан, гэртээ харьсан ч илүү их зүйлийг бие даан суралцсаар нэг л мэдэхэд програмчлалын хэлний тухай ойлголттой болсон байсан ” хэмээн хожим нь дурсчээ.
Роб Ми сургуулиа төгссөний дараа Японд IT-ийн жайнт IBM компанид гурван сарын хугацаатай судалгааны ажил хийснийхээ дараа АНУ руу буцан өөрийн хувийн консалтинг компанийн бизнесийг эхлүүлж байсан түүхтэй.
Анх “Pivotal Labs” нэртэйгээр 1989 онд байгуулагдсан тус компанийн нэрийг Роб Мигийн ээж санал болгож байжээ.

Роб Мигийн удирдлага дор тус компани 2012 оныг хүртэлүй ажиллагаагаа явуулж байгаад EMC-ийн оролцоотойгоор компанийг шинэчлэх процесс явагдсанаар байгагүй өөрчлөлт, хөдөлгөөн орсон юм. Ноён Ми компаниа худалдах болсон тухайгаа “Би огтхон ч харамсаагүй. Харин ч нуруун дээрх том ачааг аваад хаях шиг болж, их дарамтнаас хэсэг хугацаанд ч болов ангижирлаа” хэмээн ярьж байв.
Гэхдээ 2015 онд ноён Ми гүйцэтгэх захирлын албыг эргэн хаших болжээ.