
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нарын өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж нийт 600 орчим мянган гаруй га талбайд тариалан эрхэлж байгаа ажээ. Уур амьсгалын өөрчлөлт, ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарал өндөр хэвээр байгаа нь тариаланчдын орлогод шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байгааг хууль санаачлагчид онцолжээ.
Хуулийн төслийн зорилго нь тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.
Төсөлд тариалангийн индексжүүлсэн даатгалд бодит хохирлыг талбай бүр дээр заавал үнэлэх бус, харин албан ёсны, тогтмол, шалгагдахуйц индексийн үзүүлэлтэд тулгуурлан даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийг тодорхойлохоор тусгасан аж.
Мөн тариалангийн индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс тухайн жилийн батлагдсан улсын төсөв, төсвийн боломжид багтаан даатгалын хураамжийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар тариалангийн даатгалын эрх зүйн орчин тодорхой болж, шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой индексжүүлсэн даатгалын тогтолцоо бүрдэн, тариаланчдын эрсдэлийн удирдлага сайжрах, даатгалын зах зээл хөгжих, салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.