
Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээллээ.
Тэрээр " Монгол Улсын эрчим хүчний салбар бол суурь салбар. Энэ салбарт бий болсон асуудлыг цагт нь шийдээгүйн улмаас олон асуудал ужгирсан. Тиймээс энэ салбарт нэг, гурав буюу нэг бодлого, гурван бодлого, есөн ажил гэж томъёолоод шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж байна. Манай салбарт 17 мянга 800 хүн ажилладаг. Үүний 11 мянга 638 нь хорин долоон төрийн өмчит компанид ажиллаж байгаа. Энэ долоо хоногт эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогыг гаргана.
Эрчим хүчний салбарт үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Тэд цалингаа 30 хүртэлх хувь нэм гэдгийг шаардаж байна. Ажил хаях тухай ярьж байна. Энэ бол эрчим хүчний салбарт гарч байгаагүй тохиолдол. Манай салбарт 27 төрийн өмчит компани болон хувийн хэвшил ажилладаг. Тэдгээрийн цалинг салбарын сайд мэдээд, тогтоодоггүй. Тухайн компаниуд үр ашигтай ажилласан эсэхээс хамаарч, цалин урамшуулал тогтдог. Гэсэн ч бид байгаа боломжоо ашиглаад цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэртэй байна. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Захирал, захиргааны ажилчид, арын албанд ажилладаг хэсгийн ажилчдын цалинг нэмэхгүй. Харин ажлын талбарт, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчдын цалинг нэмнэ. Үүний тулд тодорхой тооцоо хийж үзэх хэрэгтэй. Манай салбарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг. Улсын дундаж цалин 2 сая 989 төгрөг байна. Түүнчлэн цалингийн системийг шинэчлэх, илүүдэл орон тоог цомхотгох, үр агшийг дээшлүүлэх бодлого баримталж байгаа.
Ойр зуурын, жижиг явуулгад авталгүйгээр ажлаа чин шударгаар хийгээд ард нь гарвал бидэнд боломж их байна. Ажил хаях, ажлыг орхих зэрэг шаардлагагүй, цаг үеэ олоогүй тэмцэлд автахгүйгээр дор бүрнээ ажил үүргээ ухамсартай хийхийг уриалж байна.
Төсвийн байгууллага биш. Тиймээс иргэдээс цуглуулж байгаа төлбөр тооцооны 10 хувийг цалин нэмэхэд зарцуулна гэсэн үг. Гэхдээ хавтгайруулж нэмж болохгүй. Цалингийн нэмэгдлийг долоодугаар сараас хэрэгжиж эхэлнэ" гэв.