Зам тээврийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаарыг “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартад заасны дагуу 6 тэнхлэгтэй буюу бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн нийтийн хэрэгцээний замаар замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон. Харин нийтийн хэрэгцээний замаар зорчих үеийн тээврийн хэрэгслийн бодит жин нь 44 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслүүд нийтийн хэрэгцээний бус зам буюу тусгай зориулалтын замаар хөдөлгөөнд оролцоно. Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл нь энэ бүх жингийн даац хэмжээг хэтрүүлж тээвэрлэлт хийж байна. Жишээ дурьдвал цементийн тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл 140 тн ачаа тээвэрлэж холбоотой нийтийн хэрэгцээний авто замын эвдрэл нэмэгдэж байна.
Иймд олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авна. Үүнтэй уялдуулан говийн бүсийн чиглэлд хийгдэж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалт хийх болжээ.
Дээрх хяналт шалгалттай уялдан зарим тодорхой үр дүнгүүд гарч байна. БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын 7 хилийн боомтоор байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг эдгээр хилийн боомтуудад 1 олголтоор 15 000 ширхгийг хуваарилан олгосон бөгөөд үүнээс экспортын ихэнх хувийг гаргаж байгаа Гашуунсухайт хилийн боомтод 2025 оны 1 дүгээр олголтоор 18598 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 26 хувьтай, 2025 оны 2 дугаар олголтоор 15645 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 30.9 хувьтай олголт хийсэн байна.