
Итали улсын Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох билээ. 50 орны 665 тамирчин өрсөлдөх тус наадамд Монгол Улсаас цанын төрөлд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцох юм. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөнө.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо. "Милан Кортина" Паралимпын наадамд өрсөлдөх Монголын багийн сэтгэгдлийг хүргэе.
Пара цанын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог
Гүйлтийн цанын хоёр тамирчин эрхээ авч оролцлоо. Өмнө нь Б.Ганболд ганцаараа паралимпын наадамд өрсөлддөг байсан бол дахин нэг тамирчин нэмэгдлээ. Манай тамирчид “Бээжин 2022” өвлийн паралимпын наадмын дараа цуврал тэмцээнүүдэд оролцож эрхээ биелүүлсэн. Өнөөдөр Монголын хоёр цаначин үеийн тамирчидтайгаа уралдахад бэлэн боллоо. Мөн уулын цанаар нэг тамирчин өрсөлдөхөөр болсон.
"Милан Кортина-2026 паралимпын наадмын Монголын багийн тугч Ц.Дашдорж
Би гүйлтийн цанаар 2015 оноос хойш хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд паралимпын наадамд уралдах эрхийн болзлыг удаа дараа хангалаа. Би 2022 оноос эхлэн пара цанын үндэсний шигшээ багт харьяалагдсан. Энэ удаа “Бээжин 2022” өвлийн паралимпын наадмын амжилтаа ахиулах зорилготой оролцоно. Бээжингийн наадамд 42 тамирчнаас 16-р байрт орж байсан. Жилийн дөрвөн улиралд цанын бэлтгэлээ идэвхитэй хийсэн байгаа. Жил жилээс амжилт маань ахиж байна. Бэлтгэл сайн байгаа.
Уулын цанын төрөлд өрсөлдөх Б.Цэрэнпунцаг
Би энэ жил 25 настай. Уулын цанын төрлөөр олон улсын хэмжээний мастер цолтой. Би “Бээжин 2022” өвлийн олимпын наадамд эрх авч оролцож байсан ч уралдааны үед замаа дуусгаж чадаагүй байсан. Тухайн үед харамсалтай уралдаан болсон. Энэ наадмаас хойш бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн. Пара уулын цанын төрлөөр анх удаа оролцож байсан болохоор Бээжингийн наадамд надад туршлага болсон. Гэхдээ бэлтгэлээ илүү сайн хийх зорилготой болсон. Би Словак улсад болсон уулын цанын тэмцээний үеэр алт, мөнгөн медаль хүртэж паралимпын наадмын эрхийг биелүүлсэн. Энэ тэмцээн “Милан-Кортина 2026” паралимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн байсан.
“Сочи 2014”, “Пёнчан 2018”, “Бээжин 2022”, "Милан Кортина 2026" өвлийн паралимпын наадмын оролцогч, ОУХМ Б.Ганболд
Би анх ОХУ-ын Сочи хотод болсон паралимпын наадамд оролцож байсан. Энэ тэмцээнээс хойш сүүлийн хоёр Паралимпын наадам Ази тивд боллоо. Одоо Европ тивд дараагийн паралимпын наадам эхлэх гэж байна. Би дэлхийн цомд зургаадугаар байр эзэлж байсан. Азийн цомын хүрэл медальтай. Америк тивийн хос хүрэлтэй. Миний паралимпын наадамд үзүүлж байсан хамгийн өндөр амжилт бол 12-р байр. Энэ удаа өмнөх амжилтаа ахиулах зорилготой байгаа. Гүйлтийн цанын холын зайн уралдаанаас гадна ойрын зайнд байраа ахиулж шигшээ уралдаанд гарах зорилготой. Тамирчдын хувьд наадам өндөрлөсний дараа дараагийн наадмын бэлтгэл эхэлдэг. Европ тивд цувралд тэмцээнд оролцож байгаад сүүлийн нэг сарын хугацаанд эх орондоо бэлтгэлээ хийсэн. Бид бүхэн бэлтгэлээ бүрэн хангаж чадлаа.
Тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээний үеэр ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам “Та бүхэн спортын талбарт хүч чадал, арга ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна ялан дийлж, тэсвэр хатуужилтай байж, итгэл найдварыг хүлээн, хүний хязгааргүй боломжийг харуулж байгаа энх цагийн баатарууд, Монгол түмний бахархалууд юм. Энэхүү наадамдаа амжилттай сайн оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн мандуулахыг хүсэн ерөөе” хэмээн тодотгов.
Монголын баг тамирчдыг төлөөлж Бямбадоржийн Цэрэнпунцаг, Батмөнхийн Ганболд нар тангараг өргөсөн бол Монголын багийн тугчаар пара гүйлтийн цанын тамирчин Цэгмэдийн Дашдорж сонгогджээ.
Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцох Монгол цаначин болж буй бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар паралимпын наадамд хоёр дахь удаагаа өрсөлдөхөөр болсон байна.
Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр 20 жилийн өмнөх “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.
