
Иран улс АНУ болон Израилтай холбоотой дайныг зогсоох хэлэлцээний хүрээнд шинэ шаардлага гаргаж, Ормузын хоолойд өөрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн байна.
Дэлхийн нефть, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн чухал гарц болох тус хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр Ираны халдлагын улмаас бараг зогсонги байдалд орж, дэлхийн зах зээлд томоохон савлагаа үүсгээд байгаа юм.
Institute for the Study of War-ийн мэдээлснээр, мөргөлдөөн эхэлснээс хойш дор хаяж 19 усан онгоц халдлагад өртсөн байна. Мөн НҮБ-ын холбогдох байгууллагуудын баталгаажуулснаар зөвхөн гуравдугаар сарын эхний хагаст хэд хэдэн арилжааны хөлөг онгоц гэмтэж, зарим тохиолдолд хүний амь эрсэдсэн байна.
Улаан - Ираны иргэний усан онгоцуудад хийж буй цохилт Ногоон - АНУ болон Израил Ираны тэнгисийн цэргийн байгууламжуудад хийсэн цохилтШинжээчдийн үзэж байгаагаар, Иран энэхүү стратегийн байрлалынхаа нөлөөллийг илүү өргөн хүрээнд ашиглаж, зөвхөн дарамт үзүүлэх бус байнгын орлогын эх үүсвэр болгох зорилготой болжээ. Зарим тооцоогоор, танкер бүрээс төлбөр авснаар сар бүр хэдэн зуун сая ам.долларын орлого олох боломжтой аж.
Гэвч энэ санаачилга нь олон улсын эрх зүйтэй зөрчилдөж байгаа юм. Далайн эрх зүйн конвенцын дагуу олон улсын хоолойд бүх улс чөлөөтэй нэвтрэх эрхтэй бөгөөд эрэг орчмын улс төлбөр авах боломжгүй гэж үздэг.
АНУ болон G7 бүлгийн орнууд уг төлөвлөгөөг “хууль бус, аюултай” хэмээн шүүмжилж, хоолойгоор чөлөөтэй, төлбөргүй зорчих нөхцөлийг сэргээх шаардлагатайг онцолсон байна.