
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтаар Монгол Улсын MNS 4599:2026 “Авто тээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй болсон тээврийн хэрэгслийг илрүүлэн арга хэмжээ авч байна.
Зөрчилтэй, дуу чимээний шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авахыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийнхээ яндан, дуу намсгуурын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хууль, стандартын шаардлагыг мөрдөн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.