
“Үгүйлэгдсэн хайр” бол анх тайзнаа амилсан тухайн цаг үедээ жинхэнэ дуулиан дэгдээж байсан түүхтэй бүтээл. АЖ, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн анх удаа драмын театрт бичиж өгсөн жүжиг нь энэ. Гэвч зохиолын стандарт бичилт нь дутаа төдийгүй жүжгийн үзэгдэл бүдэг, бүлгүүд нь тодорхойгүй агаад дүр, үйл явдлын хувьд тоочимж, туульсийн хүүрнэл шинжтэй байсныг УДЭТ-ын зохиолч, судлаач Я.Баяраа шинэтгэж, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулагчаар ажиллажээ.
Анх 1988 онд уг жүжгийг нэрт найруулагч Э.Санчигдан тайзнаа тависан юм. Тухайн үед театрын ерөнхий найруулагч Г.Доржсамбуу агсан Дорноговьд найруулагчаар ажиллаж байсан түүний ур чадварыг онцлон хараад олзуурхан урьж, эл жүжгийг тавих эрхийг олгосон гэдэг. Мэдээж хуучнаар ЗХУ-ын Кино урлагийн их сургуулийг төгссөн нэгэн үеийнхэн жүжгийн дүрүүдийг бүтээсэн.
Хамгийн гол нь тухайн он жилүүдэд уран бүтээлчид социалист үзэл суртлын хүрээн дотор туурвилаа хашиж байсан ч илүүтэй тунгаан бодож, дам бэлгэдэл ашиглаж эхэлсэн нь урлагийн олон салбарт ажиглагддаг. Социалист хөдөлмөр, эх оронч үзэл, хувьсгалын түүх зэргээс илүүтэй хувь хүний сэтгэлзүй, нийгмийн дотоод зөрчил, ганцаардлыг ч мөн илүү гүнзгийгээр бүтээлдээ тусгах болсон. С.Эрдэнийн өгүүллэг, роман, Д.Намдагийн жүжгүүд, тэгээд Б.Лхагвасүрэнгийн уянгын шүлгүүд... Учир нь хойд хөршийн нөлөөн дор байсан ядруухан Монголын урлагт СССР улсын удирдагч М.С.Горбачевын “ускорение” гэх хурдасгах буюу хуучин системийг халах шинэ ойлголт гарсан нь дам нөлөөлсөн билээ. Түүний алсдаа гарах зөн совингийн эерэг гэгээ манай орны урлагт ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан 1980-аад оны сүүл үеийн олон уран бүтээлчдийн бүтээлүүд харагддаг болохын сонгодог жишээнүүдийн нэг бол энэ жүжиг.
Асуулт тавих эрх

Хайрыг үгүйлэх, хайр үгүйлэгдэх. Жүжгийн нэрийг оноохдоо бусдын эрхэнд үйлдэх хэвийн нөхцлөөр бичсэн нь нэн тэргүүнд сонирхол татна. Хэн нэгний дотоод тээгийг бусдад тулгах, дүрүүдийг цөхрөн туйлдуулах, өнгө, дуу, хэлбэр агуулгаас цаана орших хүний сэтгэлийн олон янз хөдөлгөөнийг илэрхийлэхдээ найруулагч ямар нэг хөнгөн алхам хийсэнгүй. Учир нь жүжгийн нэрэнд тайзны хөшиг нээгдэхээс хаагдах хүртэлх хугацаанд юу өрнөж, юунд хүрч дуусах нөхцөлт санааг шингээжээ. Үнэндээ гол дүрийн Отгоолой гэх залуу, түүний ах Базар, хөрш айлын Жамсран хурандаа, түүний охин Цэцэгээ гээд бүгдэд нь нэг зүйл үгүйлэгдсээр байдаг нь хайр. Гэхдээ тэд хайрыг бусдаас хайж, өөрт байхгүй тэр аз жаргалыг өрөөлөөс эрсэн учраас хайр үгүйлэгдсээр байв. Харин гол асуудал өөрт байв. Тэд үнэхээр хэн нэгний хайрлаж чадах, энэ хэмжээлшгүй сэтгэлийн сэнтийд дүйцэх хүмүүс байж чадах уу?
АУЗ, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэнгийн ур ухаан, бүтээл бүрд нь ажиглагддаг аливаа юмсын эхлэл болсон үүдэл санаагаа бэлгэдллээр босгодог ширгэшгүй оюуных нь захаас хэлтлэхэд л ийм асуултууд ургана. Учир нь тэрээр өөрөө үйлдэх хэвийн нөхцлүүдийг бүтээл, тэр тусмаа шүлгүүддээ хүртэл ашиглах тун дургүй уран бүтээлч байв. Шинэчлэсэн тавилтад үүнийх нь хариулт болгон цогц шийдэлтэй концепц босгожээ. Энэ нь амьсгалахаас ч богино агшин бүрийн нийлбэр амьдрал байдаг гэх санаа. Гэвч агшин хэмээгч дээрх хүмүүний аливаа үйлдлүүдийн талаар бодоод үзвэл..!
Ер нь урлаг зөвхөн түүнд хүрэлцээтэй түвшин, ойлгогддог хүрээгээр л хязгаарлагддаг зүйл биш. Хэн ч хүртэж, таашааж болох зүйл. Гэтэл хэн нэгэнд хүчээр тулгалгагүй, мэдрэх эрхийг нь чөлөөтэй тавьж өгсөнөөрөө л зарим жүжгүүд өөр бусдаасаа эрс ялгардаг. Гол нь урлагийг тодорхой хүрээн дэх нөхцөлд оруулан таашаадаг далдын ямар нэгэн зөн совинлог төсөөлөл, эсвээс зэрэгцээ ертөнцийн хуулбар байх ёстой гэж санадаг хэм хэмжүүрийг л өөрийн бодлоос арчих хэрэгтэй болов уу.
Асуултаар өрнөсөн эхлэл

Хүний амьдралыг бүтээгч баяр гуниг, жаргал зовлон хосолсон агшнуудыг юунаас эргэн харж болдог вэ гэдгийг тайлбарлах гэрэл зурагчин. Хөшиг хаалттай боловч жүжиг хэдийнэ эхэлжээ. Бидэнд үзэсгэлэнгээ толилуулах гэж байгаа зурагчны аппаратны дуу чагхийнэ. Хөшиг нээгдлээ. Жүжгийн төгсгөлд л бүх дүр нь үзэгчдийн алга ташилтад нэгдэж үзэгддэг театрын тайз энэ удаад дүр нэг бүрээ орхилгүй бүгдийг нь зурагчны студид цуглуулжээ. Амьдрал ашгнаас бүтэж, тэрхүү агшинг гэрэл зураг мөнхөлдөг болох тухай зурагчин тайлбарна. Дүрүүд бүгд алга ташиж, түүний удирдлагаар хайрын, хагацлын гээд л амьдралын чухал агшнуудыг үзүүлнэ. Харин нэгэн залуу асуулт тавилаа. Агшин гэж юу юм бэ? Тодорхой тайлбарлаад өгөөч! Зурагчин хором эргэлзсэнээ миний уран бүтээл хариулаг хэмээхэд дүрүүд нижигнүүлсэн алга ташилтаа жүжгийн үйл явдалтай хамт эхлүүлнэ. Амьдрал агшин юм бол агшин өөрөө амьдрал. Хариулт нь одоо эхэлж байна.
Аливаа бүхэнд эхлэл бий. Гэвч тэрхүү эхлэл бол өмнөх үйл явдлын үргэлжлэл. Учир нь нэгэн хэвийн үргэлжилсэн урт цаг хугааны гүнд эхлэл, төгсгөл гэж зааглаж болох учрал, хагацалууд өөрөө агшинг тодорхойлно. Тийм л болзолт үйлээс, Отгоолойгийн эхнэр, хүүхдээсээ хагацахаас жүжгийн үйл явдал эхэлж байна. Тэнд харин дүрүүдийн дотоод дахь хоосон орон зайд үгүйлэгдэж байгаа хайр бий. Хайр бол бэлгэдэл. Үүнийг гэрлээр орлуулжээ. Дүрүүдийн гартаа атгасан гэрэлтдэг бөмбөлөг. Заримдаа энэ хайр хүний амьдралын итгэл найдвар болно.
Отгоолойд Жамсран өвгөн уг гэрлийг өгдөг. Харин Отгоолой мөнөөх гэрлийг яахаа үл мэдэн эцгийнхээ булш дээр цөхөрч, дараа нь гэрийнхээ үүднээс гунигтайхан эргэх Цэцэгээд өгдөг. Хайр бол хүний амьдралын мөнхийн найдвар болсон гэрэл мөн болохыг найруулагч үзэгчдэд тодорхой харуулахын тулд дүрүүд гартаа барьж, нэгэндээ өгч чадах тийм материаллаг зүйл болгон хувиргасан нь театрын жүжгийн хувьд анхдагч гэмээр уран шийдэл байв.
Агшнууд бүхэлдээ

Найруулагч жүжгээ эрс өөрөөр бүтээжээ. Дараалсан үйл явдлуудыг үргэлжилсэн нэг шугам дээр бус өөр, өөр өгүүлэмжийн задаргаатай болгон бүтээснээр хоёр цаг гаруйн эл жүжиг бүхэлдээ уянгын драм болно. Мөн сэдэв агуулгаараа олон зүйлийг хөндөх төрөл жанраасаа халихгүйгээр үл барам тухайн гэр бүлийн хүмүүсийн дотоод дахь үйл явдлыг л харуулна. Үүнээс хаашаа ч сагахгүй.
Жүжгийн амин хүч нь дүрүүдийн дотоод хөдөлгөөнд оршино. Тэрхүү хөдөлгөөн бол Базар, Отгоолой нарын хэлж буй үгсээс илүүтэй дотогш залгисан, гаргаж хэлээгүй үг яриан дотор агуулагдаж байна. Тиймдээ ч хайр гэдэг эзэмшихээс илүүтэй хадгалж чадаагүй “хүч” гэдэг санааг илүүтэй хөнджээ. Нөгөөтээгүүр хайр нь хоёр хүний харилцаа бус тухайн хүн өөрийгөө ойлгох, өөртэйгөө эвлэрэх үйл явц гэдгийг Тогтоолойгийн туулж буй бүхэн илтгэнэ. Тэр ахдаа үүнийг, хэлж чадахгүй хадгалсан “хайр”-аа нээхийг сануулдаг. Гэхдээ хараахан өөр лүүгээ өнгийх болоогүй явсаар буйг үзэгчид тодорхой харж чадна. Тэгж хүчрэх бэлгийг найруулагч хэдийнэ тавиад өгчихсөн нь дээр өгүүлсэн хайрыг орлуулж буй гэрлийн бэлгэдэл.
Хамгийн гол нь үзэгдэл бүрд тухайн дүр үгүйлэгдэж буй хайрыг бусдаас эсвээс өөрийнхөө гаднаас бус дотроосоо харна. Базар дүүтэйгээ эвлэрэх мөчид “Би ч ээжийгээ санадаг. Ахыгаа уучлаарай” гэдэг. Тэрээр охиндоо ч мөн хэзээд бялдууч, бусдын хэргээс хол, аминч мэт зангаа хаяж байж л оносон үг хэлдэг. Эцэст нь Отгоолой ч мөн Цэцэгээд ахтайгаа эвлэрснийхээ дараа сэтгэлээ нээснээр үгүйлэгдсэн хайр үгүйлсэн хайр болсноор жүжиг дуусдаг. Жамсрын хурандаагийн эцсийн мөч дэх үхлийн үзэгдэл харин цоо шинэ уур амьсгалыг бүрдүүлжээ. Жүжгийн тухайн үзэгдлийн өгүүлэмжид агуулагдаж буй цаг хугацаа, орон зайд нийцсэн тайз засал ч мөн зүүдний оргил цэг адил цогц ертөнцийг бүтээсэн байна.
Харин Отгоолойгийн дүрийн хувьд жүжигчин Г.Эрдэнэболд тун чамбай ажилласан нь харагдана. Түүний дүр үргэлж хөдөлгөөнд оршиж байна. Учир нь тэр бол хүн. Эл ухамсарт бодгал цаг ямагт хувьсан өөрлөгчдөж байдаг. Учир нь хүнийг өөрчлөх шийдвэр, сонголтууд өдөр тутамд л тохиолдоно. Тиймээс дүрийг хувирлаас салгаж болохгүй. Мөн Отгоолойгийн дотоод эмзэглэл их гүнзгий. Харин тэр гаднаа мөнөөх эмзэглэлээ уудалж чаддаг зоригтон. Энэ нь түүнийг сул дорой шинжтэй харагдуулдаг. Эрс тэс чанарууд нэгдэж ийм нэг энгийн атлаа үргэлж хайрыг үгүйлсэн нэгэн дүрийг биежүүлсэн. Түүнийг нь жүжигчин Г.Эрдэнэболд хэт хиймэл эсвээс хашхичсан, нөгөөтээгүүр цочмог элдэв саадтай хөдөлгөөнгүй намуухан тоглолтоор гарамгай үзүүлснийг онцлон цохууштай.
Тусгал

Дийлэнх нь нэг тоглосон бүтээлийг ахин дахин шинэчилж тавих хэрэг байна уу гэж халагладаг. Гэтэл өдгөө театрууд Шекспирийг тоглож, дуурьт Чайкойвскийн хунгууд эргэлдэж, филорманд Бетховены сонатууд эгшиглэсээр байгаа. Үнэндээ сонгодог, суут утгаараа бус юм. Гол нь сайн бүтээл гэдэг өөрөө аль ч цаг үед хувиршгүй мөн чанараа нийгмийн толь тусгал болж байдгаас тэр.
“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн дүрүүдийн үзэл бодлын сөргөлдөөн буюу зөрчлүүд нь бодит амьдралын тусгал агаад гүн гүнзгий реалист шинжтэй. Өгүүлэмж нь тэдгээр зөрчлүүдийг тойрч өрнөнө. Тэдгээрээс бид агшнаас бүтэх амьдралд яг л найруулагчийн хүргэхийг зорьсон жүжгийн дэглэлтийн дараалал шиг аавын, амраг сэтгэлийн, хүн хүн гэх нандин сэтгэлийн чанаруудыг олж харна. Угтаа хүний дотор байдаг олон зан авираас үүдэн бид ямар эрхэм чанараа гээсээр байгааг хайр хэмээх концепц дээр цогцлоон үзүүлсэн тус жүжиг яг одоо цаг үед ч бидний нийгмийн тусгал хэвээрээ байна. Учир нь нийгмийг хүмүүс бүрдүүлдэг. Шагнал, тэмдгийн төлөө бусдын үр хүүхдийн, хуучны эрхэм нөхөр, амьдралдаа эргэн санах дулаахан дурсамжийг бүтээлцсэн хүмүүс, бүр өөрийгөө хүртэл зарах шахдаг Лоолой Самдангийн дүр ч өнөөгийн нийгмийн зарим хүмүүсийн гутамшигт үйлийг ил цагаан шүүмжлээд өгнө.
Эцэст нь хэлэхэд урлагийн төлөө урлаг гэх ойлголт бүхий лоозон бий. Харин “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн хувьд бидний тусгал болохынхоо хувьд бүх нийтийн төлөө гэх эсрэг нөлөөлөлтэй. Харин тэрхүү нөлөөг мэдэрсэн ямар ч үзэгч тус жүжигт өргөн хүрээгээр бус цаад санааг нь уудлах сэтгэлээр хандаж олон чиглэлт байр суурь дээр эрх тэгш байхыг л зорих бус уу.