
Ойрмогхон Sotheby’s дуудлага худалдаагаар 1950-аад оны шилэн тавцантай модон ширээ хоёр сая ам.долларын үнэ хүрч интерьер сонирхогчдын дунд шуугиан тарив.
Зуун дамнасан түүх агуулах эртний эдлэл ч бус алтаар бүрж, эрдэнийн чулуу шигтгээгүй ердийн тавилгыг үнэ хаялцуулах санаа ч соньхон. Гэвч үнэ цэн нь юугаар урлаж, хэдий хугацааг элээсэндээ бус гагцхүү хүний гарын хээ шингэсэн өөрийн түүхтэй эд зүйл гэдэгтээ байгаа юм.
Товчхондоо XXI зууныхан шинэ зүйлээс залхаж эхэлжээ. Хэзээ ч ийм их үйлдвэрлэж, хурдан хэрэглэж, амархан хаяж байгаагүй атлаа дэлхий даяар хүмүүс “хуучин” зүйл рүү хошуурах боллоо. Залуус эртний эдлэлийн дэлгүүр хэсэж, пянз цуглуулан, 1970-аад оны сандал худалдаж авч, өвөөгийнхөө хуучин бугуйн цагаар гангарна. TikTok дээр “vintage haul”, “thrift flip”, “antique hunting” гэсэн үгс хэдэн тэрбум үзэлттэй болж, интерьерийн хамгийн хүчтэй тренд нь “шинэ биш харагдах” болжээ.
НҮБ-аас гаргадаг худалдааны тоо баримтаас харахад хуучин эдлэлийн зах зээлд цөөн хэдэн тоглогч ноёрхож байна. Франц улс Европын холбооны экспортын 58 хувийг нийлүүлдэг бол нөгөө талд АНУ тэдгээрийн 44 хувийг импортолдог гол худалдан авагч. Ерөнхийдөө Европын холбооны экспортын бараг 90 хувийг Франц, Их Британи, Герман, Нидерланд, Австри гэсэн таван улс эзэлж байгаа нь хуучин эдлэлийн худалдаа хэр төвлөрсөн болохыг харуулж буй.
Дээр өгүүлсэнчлэн хуучин эдлэл гэдэг нь өнө эртний үнэт эдлэл бус харин ойрын 100 жилийн настай эд зүйлс Европын худалдагчдаас дэлхий даяар эрэлт өндөртэй байна. Учир нь Европ зөвхөн машин, дарс, загвар экспортолдоггүй. Парисын хуучин гудамжнаас олдсон зэс хүрээтэй толь, Италийн тосгонд урласан арьсан чемодан, Данийн 1960-аад оны модон сандал, Швейцарийн механик цаг бүгд бараа бүтээгдэхүүн гэхээс илүүтэй түүхэн соёлын дурсамж.
Ойрын жилүүдэд хуучны эдлэлийн зах зээл хоёр дахин нэмэгдэж, 2023 оны 44.7 тэрбум ам.доллараас 2031 он гэхэд 98.3 тэрбум ам.доллар болж, жилийн дундаж өсөлт 9.5% орчим байх төлөвтэй. Гэхдээ зах зээл ердийн цуглуулгаас захиалгат худалдаа руу чиглэж буйг онцлох ёстой. Үүнд жижиг дэлгүүрүүдийн орон зай хумигдан, тэднийг мэргэжлийн дилерүүд орлохын зэрэгцээ онлайн зах зээл, өндөр зэрэглэлийн дуудлага худалдааны орчин тэлж байна.
Z үеийн худалдан авагчдын сонирхол, ер бусын сонголт хуучин эдлэлийн зах зээл цахим орчинд тэлж буйн гол шалтгаан аж. Pinterest, Instagram зэрэг платформуудын хэрэглэгчдийн зан төлөвт хийсэн дүгнэлтээр шинэ үеийнхэн IKEA мэтийн олноор үйлдвэрлэсэн хэвшмэл тавилга эдлэлээс татгалзаж өвөрмөц, өөрийн гэсэн түүхтэй эд зүйлсийг таашаах болжээ. Өмнө нь luxury буюу тансаг гэдэг ойлголт шинээс гадна хамгийн үнэтэй, орчин үеийн зүйлийг хэлдэг байсан бол өнөөдөр үнэт зүйлс технологийн хувьд шинэ байх албагүй болсон. Тиймдээ ч хуучны Rolex, Cartier цагны үнэ хадаж өнгөрсөн 1960- аад оны тренд Скандинав тавилгын араас эрэл сурал болцгооно.
Орчин үеийн хэрэглээний соёлын гол онцлог нь түр зуурын байдал. Ухаалаг тодотголтой ч гар утас нэжгээд жилийн дотор хуучирч fast fashion ганцхан улирал өнгөрөхөд загвар хоцрогдоно. Хоёр нүүдлийн ая даадаггүй хямд тавилгын масс үйлдвэрлэл биднийг хямд, уйтгартай эд хогшлоор ижилсүүлсэн гэж үздэг хүмүүс эсрэг мэдрэмж хайж эхэлсэн юм. Өнгөө алдсан мебель, ялимгүй халцарсан арьс, зураастай металл эдлэл шинэ үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь тухайн зүйл амьдарч оршиж ирснийг илтгэх аж.

Өдгөө eBay, Etsy, 1stDibs зэрэг онлайн платформууд борлуулалтаараа тэргүүлж байгаа ч орон нутгийн эртний эдлэлийн дэлгүүрүүд болон хуучны мухлагууд байраа тавьж өгөх болоогүй. Дэлхийн хотуудад амралтын өдрөөр гардаг хуучин эдлэлийн худалдаа, алсхан дүүргийн зах ч ахмад цуглуулагчид төдийгүй залуу хүмүүсийг татдаг хэвээр. Учир нь зах үүргийн худалдаа хэсэх нь онлайнаар хийж чадахгүй зүйлийг санал болгодог. Худалдан авагчид бүх мэдрэхүйгээрээ эд хэрэгсэлд хүрч, туршиж, шинээр нээж чадна. Мартагдсан пянз, 1950-иад оны миксер эсвэл гараар оёсон хүрэмтэй тааралдах мэдрэмжийг онлайн худалдааны жагсаалт гүйлгэн харахтай жиших аргагүй юм.
Дээр нь жил ирэх тусам хуучны эдлэлүүд улам ховордож буй. Өмнөх үеийн чанарын стандартад нийцэхийн тулд цул модоор урлаж, төмрийг гар аргаар цутган, нямбай нэхэж сүлжсэн эдлэлүүдэд насан туршийн баталгаа өгөхүйц байдаг. Харин ХХ зууны дунд үеэс нийгэм нэг удаагийн эд хэрэглэлийн соёлд шилжих тусам жинхэнэ гар хийц ховордох болсон. Энэ нь өнөөгийн хуучин эдлэлүүд зүгээр л хуучирсан биш, харин өөрсдийн төрөл зүйлийн хамгийн сүүлчийнх нь гэсэн үг юм.
2026 онд хүмүүс юу худалдаж авч байна вэ
“Хуучны эдлэл” гэсэн ойлголт харагдах байдлаас ирээдүйд үнэ цэнд хүрэх хөрөнгө болж өргөжсөн.
Эдийн засгийн ойлголтоор эд хэрэгслийн үнэ өсөх тусам тэдгээрийг хууль ёсны хөрөнгийн ангиллаар баталгаажуулж, зах зээлийн бүх түвшинд оролцоог нь дэмждэг тул хуучин эдлэлийн наймаа саарах шинжгүй байна.
Тавиурын
жижиг эдлэл
Залуу цуглуулагчид бүхэл бүтэн байшинг
эртний эдлэлээр дүүргэдэггүй. Харин багашаархан тасалгааг нь эмх цэгцтэй
болгодог тавиуртаа зориулсан жижиг баримал, шил шаазан, мөнгөн эдлэл хурдан
борлогддог.
Хуучны
хувцас
Өмнөх арван жилийн загвар ч өндөр эрэлттэй
хэвээр. Урагшлаад 1970-аад оны хүрэм, 1980-аад оны концертын футболк, тэр ч
байтугай Эдвардийн үеийн цамцнууд нь зөвхөн цуглуулагчдад төдийгүй өвөрмөц,
тогтвортой хувцаслалт хүсдэг залуу худалдан авагчдыг татна.
Механик
болон аналог төхөөрөмжүүд
1990-ээд оноос дижитал төхөөрөмжид
байр сууриа алдсан пянзны зах зээл бүрэн эргэн ирсэн төдийгүй хойшдоо ч өсөлт
нь тогтвортой. Пянзаар л мэдэрч болох амьд эгшиг, дулаан аялгуутай хамт радио
хүлээн авагч, бичгийн машин, VHS хальсны камер, бугуйн цаг зэрэг өнөө цагт
олноор үйлдвэрлэдэггүй зүйлс гойд анхаарал татах болсон. Эдгээр хуучны механик,
аналог төхөөрөмжүүд эвдэрч гацсан тохиолдолд программ хангамжаас бүрэн
хамааралтай дижитал хэрэгслээс илүү ойлгомжтой, засахад гарын дор байдаг
онцлогтой.
Хиймэл оюун зураг зурж, алгоритм хөгжим зохиож, масс үйлдвэрлэл дэлхийг дүүргэх тусам хүний гараар урласан, он цагийг давж үлдсэн зүйлс улам ховордоно. Тиймээс хуучны эд хогшлын эрэлт зөвхөн зах зээлийн өсөлт бус харин соёлын хариу үйлдэл юм.
Эдийн засагчид сүүлийн жилүүдэд nostalgia economy гэх ойлголтыг их ярих болсон. Ирээдүй тодорхойгүй байх тусам хүмүүс өнгөрсөн үе рүү тэмүүлэх хандлага хүчтэй болдгийг хуучин эд хогшлоос гадна remake кино, ретро тоглоом, Y2K загвар хүчээ авч буйгаас бэлхнээ харж болно. Дээр нь хуучин эд зүйлсийн худалдаа сэргэж буйг экологийн эсэргүүцэлтэй холбож тайлбарлах нь ч бий. Хэдхэн жилийн настай тавилга, улирал хүрэхгүй өмсөгдөх хувцас дэлхийн хогийн цэгүүдийг нэгэнт дүүргэсэн. 1950 онд үйлдвэрлэсэн модон шүүгээг өнөөдөр ч ашиглаж байвал тэр нь тогтвортой хөгжлийн бодит жишээ болох билээ.