
Ромын пап Франциск папын албыг хашиж байхдаа эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх тухай эргэлзэж, чөтгөр болон тамын дүр төрхийг харж байсан талаараа өдрийн тэмдэглэлдээ бичжээ.
Аргентины пап 1992-2024 оны хооронд үе үе өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. Тэрбээр эхлээд Аргентинд бишопоор ажиллаж байхдаа, дараа нь папаар сонгогдсоныхоо дараа тэмдэглэл бичсэн байна. Эдгээр тэмдэглэлийн заримыг нэгтгэн Пап Францискийн хамгийн ойрын туслахуудын нэг, кардинал Виктор Мануэль Фернандес уг номыг бичиж, папын өдрийн тэмдэглэлд дэлгэрэнгүй тайлбар хийсэн байна.
160 хуудастай “Пап Францискийн хувийн өдрийн тэмдэглэл” номд голчлон папын сүнслэг амьдрал, шашны үйл ажиллагааны зорилгын талаар өгүүлжээ. Гэхдээ 2021-2022 онд эрх мэдлээ хэрэгжүүлэхтэй холбоотой уруу таталттай хэрхэн тэмцэж байсан тухай нь ч мөн багтсан байна. Түүнчлэн пап өөрийнх нь хэлснээр чөтгөртэй учирсан тохиолдлууд болон залгамжлагч XIV Лео папын тухай бодлыг нь оруулжээ. Франциск түүнийг “зэмлэх зүйлгүй” хүн хэмээн тодорхойлсон байна.
Папуудын хувийн өдрийн тэмдэглэлийг хэвлүүлэх нь ховор байдаг. Ийм тэмдэглэлүүд нь тэдний хувийн амьдралын талаар ер бусын дэлгэрэнгүй ойлголт өгдөг. Зарим пап хувийн бичиг баримтаа устгахыг захидаг бол XXIII Иоханы өдрийн тэмдэглэл болон II Иохан Паулын зарим баримт бичгийг нас барсных нь дараа хэвлүүлж байжээ.
Франциск хар хавтастай өдрийн тэмдэглэлдээ Аргентинд байхдаа 86 хуудас, папаар ажиллаж байхдаа 55 хуудас бичсэн байна. Уг тэмдэглэл нь анх 1992 оны төлөвлөгөөний дэвтэр байжээ.
“Тэр надад хэд хэдэн ном үзүүлсний дотор арьсан хавтастай, хуучин төлөвлөгөөний дэвтэр шиг зүйл байсан. Түүнийг нээхэд гараар бичсэн тэмдэглэлээр дүүрэн байлаа. Тэр надад үүнээс та нар бүгдийг ойлгоно гэж хэлсэн” хэмээн Фернандес бичжээ.
Чөтгөртэй учирсан болон тамын үүдийг харсан тухай
Пап “чөтгөрийн довтолгоонд байнга өртдөг” байсан тухайд өдрийн тэмдэглэлд нь бичжээ. Франциск чөтгөртэй гурван удаа учирсан тухайгаа дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Үүний хоёр нь Буэнос-Айресын хамба лам байх үед, гурав дахь нь 2018 онд папаар ажиллаж байхад нь тохиолдсон аж. Тэрбээр чөтгөрийг “галан нүдтэй” хэмээн бичиж, нүдийг нь заналхийлсэн, уруу татам гэж тодорхойлжээ. “Эхний хоёр удаа түүний нүдийг харснаа мартаж чаддаггүй. Нэг удаа би машинаар гэр рүүгээ буцаж явахдаа, нөгөө удаа мөргөлийн үеэр найрал дууны хэсэгт байхдаа харсан. Гэхдээ тэр янз бүрийн нөхцөлд дахин дахин үзэгддэг” гэж пап 2024 оны наймдугаар сарын 18-ны тэмдэглэлдээ бичжээ.
Гурав дахь тохиолдол нь 2018 онд Чилид хийсэн айлчлалаасаа буцаж ирсний дараа болсон байна. Тухайн айлчлал сүмийн санваартнуудын бэлгийн хүчирхийллийн дуулианы сүүдэрт өнгөрчээ.
“Нэг удаа Ромд буцаж ирснээс хэд хоногийн дараа би нэгэн уулзалтад оролцож байлаа. Тэгтэл түүнийг харж, дууг нь сонссон. Тэр бүхнийг эзэмдсэн мэт ялгуусан байдалтайгаар Одоо би хүссэн бүхнээ авлаа гэж хэлсэн. Өмнөх хоёр удаагийнх шиг нүдийг нь мартаж чадахгүй байгаа бол энэ удаад түүний сөөнгө, хүчтэй дуу хоолойг мартаж чадахгүй нь. Эзэн надад тэр уулзалтаас гарах боломж олгож, ингэснээр намайг чөлөөлсөн” гэж пап 2021 оны нэгдүгээр сарын 24-нд бичжээ.
Католик шашны сургаалд чөтгөрийг бодит оршихуй гэж үздэг. Мөн ариун гэгээнд хүрэхийг чин сэтгэлээсээ зорьж буй хүмүүс сүнслэг хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь элбэг хэмээн анхааруулдаг. Франциск папаар ажиллаж байх хугацаандаа чөтгөрийн тухай байнга ярьж, хов жив болон мөнгөтэй холбон тайлбарладаг байжээ. “Чөтгөр халаасаар дамжин орж ирдэг” гэж тэрбээр олонтаа хэлдэг байсан юм.
Мөн өдрийн тэмдэглэлд Франциск зүүдээрээ дамжуулан Бурхан өөртэй нь хэрхэн ярьдаг байсан тухайгаа бичжээ. Нэг удаа тэрбээр “тамын үүдийг” харсан тухайгаа дурдсан байна. Пап 2018 онд үүнийг “харийн шашны уруу таталт бүрэн хүчээ авсан байдал” хэмээн тодорхойлсон нь шүтээн шүтэх явдлыг хэлсэн бололтой. “Би дотогш нь жаахан өнгийж харахад айдаст автсан. Унтахын өмнө болсон явдал. Би сарнай эрхиэ зэвсэг мэт атгасан. Энэ тусламжийг өгсөн Эзэндээ талархаж байна” гэж тэрбээр бичжээ.
Францискийн өдрийн тэмдэглэлийг Ватиканы хэвлэлийн газар хэвлүүлж байгаа аж. Харин Penguin Random House Christian Publishing Group-ийн салбар Image Books англи хэл дээрх хувилбарыг АНУ, Канадад гаргах юм.