
Долгиолсон бор үснийхээ дээр тэнгисийн цэргийн малгай тавьж, ичингүйрсэн инээмсэглэл тодруулсан 85 настай Ким Жон Жа Сукмёнгийн Эмэгтэйчүүдийн Их сургуулийн индэр лүү алгуурхан өгсөв.
Тэрээр тус сургуулийн Ирээдүйн боловсролын хүрээлэнгээс нийгмийн халамжийн чиглэлээр дэд бакалаврын зэрэг хүртэж, энэ жил Солонгост их сургуулийн диплом авсан хамгийн өндөр настай төгсөгч боллоо. Түүний энэ амжилт 78 настайдаа анх харандаа барин солонгос хэлээр уншиж, бичиж сурахаар эхэлсэн долоон жилийн хичээл зүтгэлийн үр дүн байв.
“Энэ мөч миний энд сурсан бүхний ачаар, мөн надтай хамт суралцаж, урам өгч байсан найзуудын минь дэмжлэгийн хүчээр бий болсон” хэмээн Ким догдлон чичирсэн хоолойгоороо хэлжээ.

1941 онд найман хүүхдийн ууган нь болон төрсөн тэрээр Солонгосын дайны үед гэр бүлтэйгээ мөргөлдөөнөөс зугтаж Гөже арал руу дүрвэж, тэндээ өссөн байна. “Миний үед охид сургуульд явдаггүй байсан. Би хумсаа элэгдтэл ажилласан,” хэмээн тэр дурсав. Тэр айлуудад, хоолны хайрцгийн үйлдвэрт, нийтийн халуун усны газарт “цалин өгдөг л бол хаана ч” ажиллажээ.
Тухайн үеийн олон эмэгтэйчүүдийн адил боловсрол Ким Жон Жаны хувьд холын мөрөөдөл байв. Гэр бүл, гурван хүүхдээ тэжээхийн тулд насан туршдаа хүнд хөдөлмөр хийсэн түүний нуруу мурийж, гурван удаа мэс засалд орсон байна.
Амьдралын эргэлт
Түүний амьдрал 70 гаруй насандаа “эргэжээ”. Охиноо нисэх буудалд үдэж өгөхдөө гарцын тэмдгийг уншиж чадаагүй нь түүнийг ихэд ичээсэн аж. Удалгүй нурууны эмнэлэгт эмчлүүлэхээр очихдоо гудамжинд насанд хүрэгчдийн бичиг үсгийн сургуулийн сурталчилгаа бүхий сэнс авчээ. Хэдэн сарын дараа тэр сургалтдаа бүртгүүлсэн байна.
Түүнээс хойш түүний амьдрал дахин цэцэглэв. Ким уншиж, бичиж сурч, дунд болон ахлах сургуулийн хөтөлбөрийг төгсөж, 2024 оны хичээлийн жилийн их сургуулийн элсэлтийн шалгалт болох College Scholastic Ability Test-д хамгийн өндөр настай шалгуулагч болжээ.
Эцэст нь 2024 онд Сукмёнгийн эмэгтэйчүүдийн их сургуулийн Ирээдүйн боловсролын хүрээлэнд элсэн орж, ач охиныхоо төгссөн их сургуульд суралцан, насан туршийн мөрөөдлөө биелүүлсэн байна.

Хичээл зүтгэл ба тэсвэр
Хоёр жилийн турш тэр нийгмийн халамжийн чиглэлээр суралцахдаа гурваас дээш цаг үргэлжлэх архаг нурууны өвдөлтөө тэсвэрлэх хүнд замыг даван туулжээ. Өглөөний 9 цагийн хичээлдээ амжихын тулд долоо хоногт гурван удаа үүр цайхаас өмнө гэрээсээ гардаг байв.
“Эхний хэдэн сар маш хэцүү байсан. Би багшийн ярьж байгааг ойлгодоггүй байлаа. Харин эхний амралт болоход бага багаар ойлгож эхэлсэн” гэж тэр ярив. “Чухал хэсгүүдийг доогуур нь зурж, гэртээ очоод бүгдийг гараар хуулж бичдэг байсан” гэнэ.
Компьютер дээр шивж чаддаггүй тул гурван нүүр илтгэл бичихэд бүтэн өдөр зарцуулна. “Удаанаар л урагшилж байлаа. Гэхдээ би нэг ч хичээл алгасахыг хүсээгүй. Алгассан зүйлийг дахин сурах боломжгүй” хэмээн Ким хэлжээ.
Тэр цайны газар хүртэл алхаж чадахгүй тул өглөөний ба өдрийн хоолоо ангид хамтдаа иднэ. Номоо үүрч явах нь нурууны өвдөлтийг нь нэмэгдүүлдэг тул нэгийг нь гэртээ, нөгөөг нь сургууль дээр байлгадаг байв. Залуу оюутнууд үүргэвчийг нь үүрч өгч, метро хүртэл хамт алхаж, оройн хичээлийн дараа такси олж өгдөг байсныг тэр насан туршдаа мартахгүй гэв.
Гэсэн ч Ким хошин зангаа алдсангүй. Ач охин нь “Эмээ, та одоо миний доод курс шүү” гэж тоглоход Ким “Тавтай морил, сунбэ (ахлах оюутан)!” хэмээн хариулдаг аж.

Ирээдүйн зорилго
Суралцах явцдаа тэр бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй болжээ. “Би зүгээр нэг мэдэх бус, зөв ойлгож сурахыг хүссэн. Заримдаа би өөрөө халамжийн дэмжлэг авдаг. Тиймээс үүнийг ойлгохыг хүссэн” гэжээ.
Мөн АНУ-д амьдардаг ач, зээ нартайгаа чөлөөтэй ярилцахын тулд англи хэл сурч байгаа нь түүний оюун санааг идэвхтэй байлгаж байгаа аж.
Сургуулийн ерөнхийлөгч Мүн Си Ён 40-өөс 80 гаруй насны төгсөгчдийг магтаж “Та бүхний хүрсэн амжилт бол зүгээр нэг өнгөрсөн цаг хугацааны хэмжүүр биш. Энэ бол тууштай зоригийн үр шим, суралцахад насны хязгаар үгүйг сануулж буй хэрэг” гэжээ.
Одоо Ким хүүхдийн халамжийн чиглэлээр дөрвөн жилийн бакалаврын зэрэгт үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж байна. “Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд, ядаж өчүүхэн ч гэсэн итгэл найдвар авчрахыг хүсэж байна” гэж тэр хэлээд “Эрүүл мэнд минь зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй ч тэнгэр дуудах өдөр хүртэл харандаагаа барьсаар байх болно” хэмээн нэмжээ.