
Олон улсын жүдо бөхийн холбооноос Унгарын Будапешт хотод энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээнд 70 орны жүдочид өрсөлдөхөөр болжээ. Азийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буй Будапештийн “Их дуулга”-д манай улсаас 10 тамирчин оролцоно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Энхдөл, Л.Анхзаяа нар барилдах юм. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн нар зодоглохоор болжээ. Баг тамирчдыг “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар удирдаж байна.
Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү Парисын олимпын наадмаас хойш түр завсарлага авсан юм. Тэрээр 2026 оны Улаанбаатарын “Их дуулга”-д барилдаж энэ оны тэмцээнийг эхлүүлсэн.
Ирэх баасан гарагт эхлэх Будапештийн “Их дуулга” тэмцээний сугалаа маргааш болно.